”Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Дорнод аймагт зохион байгуулж байна

2018 оны 06 сарын 08

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2018 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болон Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж байна.

Энэ удаагийн Ажлын хэсэгт ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтэс, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга нарыг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, хүний эрхийн сургалт, хяналт шалгалт явуулж, үнэлгээ мониторинг хийж байна. Тус Ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 11-14-нд Хэнтий аймагт, 15-20-нд Сүхбаатар аймагт тус тус ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг, аймгуудын төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад “Жендэр ба хүний эрх” бүсчилсэн сургалтыг зохион байгуулна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалт, төсөлд аймаг бүрээс 20 хүн хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдэнэ. Тэд ажиллаж, аж төрж буй аймаг, сум, багийнхаа төрийн захиргааны байгууллагуудад жендэрийн тэгш байдлын асуудлаар бие даан сургалт явуулах арга зүй, аргачлалд суралцах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top