Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулах, үер усны хор уршгийг арилгах, авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгт МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, ХАБХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр үдээс өмнө гамшгийн асуудлаар Төв аймгийн Бор нуур суманд ажилласан юм. 1965 онд баригдсан бетонон гүүр үерийн улмаас ашиглах боломжгүй болсон талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан.
Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хурлыг Сэлэнгэ аймгийн сайхан суманд зохион байгуулж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран хийх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Ажлын хэсэг үдээс хойш Орхон аймагт ажиллаж тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцан, үүрэг чиглэл өгч өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )