Улсын хэмжээнд 320 мянга гаруй бог малыг угаалгад хамруулаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 22

Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Тиймээс дархлаажуулалт, боловсруулалт, угаалга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх уламжлалт аргыг сэргээн хэрэгжүүлж байна.

 

21 аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 100,4 мянган бод мал, 324,1 мянган бог малыг угаалгад хамруулаад байна. Мал угаалгын ажлыг ирэх 9 сардаа багтаан дуусгахаар төлөвлөж, нийт бог малын 30 хувийг угаалгад хамруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилж байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт мал сүргийн 0,5 хувь буюу 362 мянган мал шимэгчтэх өвчнөөр өвчилжээ. 30 гаруй нэрийн шимэгчтэх өвчин байдгаас малын арьсыг гэмтээж, өвчлүүлдэг 4-5 төрлийн өвчин бий. Хөх ширх, шар ширх, шалз, хачиг зэрэг шимэгчлэгч нь малыг давжааруулж, биеийн эсэргүүцлийг сулруулан, эрсдэл даах чадварыг бууруулж, улмаар түүхий эдийн гарц, чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамрагдаж байх нь мал, амьтан өмчлөгч таны нэн тэргүүний үүрэг. Улс орон даяар явагдаж буй мал угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцохыг малчин түмэндээ хандан уриалж байна.

Малаа угаалгад хамруулах, хэвтэр бууцаа ариутгуулахын тулд малчин та эхлээд сум, багийн засаг захиргаанд өөрөө хандах эсвэл тогтоосон хугацаанд малаа бэлэн байлгаж, малын эмчийн зааварчилгааны дагуу малаа угаалгана. Дашрамд хэлэхэд, мал угаалгын үйлчилгээний хөлсийг малчин, мал бүхий этгээд хариуцах юм. Ийнхүү малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар мал тарга тэвээргээ бүрэн авч, малын арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуур, махны чанар, гарц дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top