ХӨВСГӨЛ: ЕБС, цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна

2018 оны 08 сарын 28

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналтын чиглэл бүрээр зорилтот ажлуудыг хийгээд байна. Үүнд:

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр: Мөрөн сумын хүнсний захуудад худалдаалагдаж буй мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилтад хяналт хийж, зөвлөгөө өгчээ. Улмаар малын шилжилт хөдөлгөөн, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилтад холбогдох байгууллагуудтай хамтран сарын хугацаанд Мөрөн сумын гурван чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж,  урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байна.

Мөн малын шилжилт хөдөлгөөн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, ард иргэдэд зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэх, сумдын МЭҮТ-ын байцаагчид, мэргэжилтнүүдэд хүргүүлэн, малчдыг мэдээллээр хангах ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэнд, боловсролын хяналтын чиглэлээр: Хөвсгөл аймгийн хэмжээнд 33 ерөнхий боловсролын сургууль, 43 хүүхдийн цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 33 сургууль, 3 багийн бага сургуульд нийт 26400 хүүхэд суралцах бол нэгдүгээр ангид 2750 хүүхэд элсчээ. Цэцэрлэгийн насны 11800 орчим хүүхэд байгаагаас 71 хувь нь цэцэрлэгт хамрагдахаар байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг орчмын явган гарц, гарцын тэмдэг, тэмдэглэгээнд хяналт шалгалт хийж стандартын шаардлагад нийцүүлэх талаар санамжийг боловсруулан хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top