“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН” БАЯНХОНГОР АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Баянхонгор аймаг, 2018 оны 09-р сарын 20  

   Цусны даралт ихсэх өвчнийг зөвхөн 45-аас дээш насныханд л тохиолддог эмгэг гэж үздэг нийтлэг ойлголт иргэдийн дунд байдаг. Гэтэл даяарчлагдаж байгаа энэ цаг үед манай орны төдийгүй дэлхий дахинаа цусны даралт ихсэх өвчин хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон байна. Ялангуяа энэ өвчин эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай нэмэгдэж буй нь удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд мэдээлж байгаа билээ.

   Иймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ хяналт тавих боломжтой талаар иргэд олон нийтэд ойлголт, мэдээлэл хүргэх зорилгоор ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн хамт олон уг аяныг санаачлагч П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, хамтран ажиллаж буй Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

   Өнгөрсөн даваа гаригт буюу 2018 оны 9-р сарын 17-ны өдөр Архангай аймгийн төвд “Цусны даралт ихсэлтийн эсрэг  аян”-ыг зохион байгуулсан бол өнөөдөр Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрт уг аяны нээлт боллоо.

   Аяны хүрээнд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулсан төдийгүй цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн судалгаа хийх зэрэг зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Мөн эрүүл мэндийн илрүүлэг үзлэгийг Улсын III төв эмнэлгийн эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хамт хийж, нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн цусны даралтыг хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлж буй юм. Түүнчлэн орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, цусны даралт ихсэлтэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. Уг аяны сүүлийн өдөр цусны даралт ихсэх өвчтэй болон зүрх судасны өвчин илэрсэн эрсдэлт бүлгийн иргэдэд эмч, мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

   ХААН Банк Сангийн хамт олон П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнгөрсөн жил Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ оны долдугаар сард уг аяныг орон нутагт буюу Хөвсгөл, Булган аймагт хэрэгжүүлж, 2100 гаруй иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, мэдлэг мэдээлэл түгээсэн юм.

   Дашрамд дурдахад энэ долоо хоногийн эхээр уг аяныг Архангай аймагт амжилттай хэрэгжүүлж нийт 1,508 иргэнийг үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, эрсдэлт бүлгийн буюу цусны даралт ихсэх өвчтэй, зүрх судасны өвчин илэрсэн 245 иргэнд УГТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн зөвлөгөө мэдээллүүдийг хүргэж ажилласан билээ. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 91 хувь нь цусны даралт ихсэлт багаас өндөр эрсдэлтэй гэж гарсан нь анхаарал татаж буй үзүүлэлт юм. Үүнээс 245 хүн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийлгэсэн байна. Мөн Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим сурагчид “Эрүүл мэндийн боловсрол гэж юу вэ?” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top