У.Хүрэлсүх: Цаг агаарын хүндрэл тохиосон ч тариа хураалт амжилттай, тариаланчид өөдрөг байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Дархан-Уул аймгаас мэдээлж байна

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Орон нутаг дахь томилолтын бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа юм.

Eрөнхий сайд эхлээд Төв аймгийн Сүмбэр суман дахь "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, тариаланчидтай уулзав. Сүмбэр сум энэ жил 7453 га-д тариалалт хийснээс 4655 га-д улаан буудай, 1000 га-д гурвалжин будаа, 308 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Одоогийн байдлаар үр тарианы 20 хувь, төмс, хүнсний ногооны 100 хувийг хураагаад байгаа талаар сумын удирдлагууд танилцуулав.

"Өгөөж Сүмбэр" ХХК-ийн тухайд социализмын үeд тус суманд тариалалт эрхэлж байсан Октъябрын сангийн аж ахуйн үргэлжлэл аж. 1990-ээд оноос сангийн аж ахуй гурав хуваагдан хувьчлагдах үeэс "Өгөөж Сүмбэр" нэрээр үйл ажиллагаа явуулж буй.

Нийт 1200 га-д үр тариа, 1000 га-д гурвалжин будаа тарьсан ч цаг агаарын нөхцлөөс шалтгаалж ихээхэн хүндрэл туулж, тариалалт хийсний дараа хур муу байснаас соёололт оройтсон, ургац хураалтын үeэр их хэмжээний цас орж налсан талаар тус компанийн ахмад тариаланч, Монгол Улсын гавьяат агрономич Д.Батаа гуай Eрөнхий сайдад хуучилж байв. Өдгөө 89 насыг зооглож буй ч тариан талбай дээрээ залуучуудтай зэрэгцэн тариа будаагаа хураан яваа тэрбээр "Өдрийн 30 мянган төгрөгийн цалин өгьe гэхэд залуус ажиллахгүй байна" хэмээн шогширч байлаа. Д.Батаа гуайн үгийг нотлох мэт очсон тариалангийн компани бүр боловсон хүчний дутагдалтай, нарийн мэргэшсэн ажилчид шаардлагатай байгааг дурдаж байсныг энд онцолъё. "Дарханы МСҮТ-ээс мэргэшсэн оюутнууд авчирч ажиллуулан, хангалттай хэмжээнд цалинжуулж байгаа ч төд удалгүй ажлаа орхин явцгаах тохиолдол их байна. Тогтвор суурьшилтай ажиллах хүч, залуучууд тариалангийн салбарт ихээхэн дутагдаж байна" хэмээн Дархан-Уул аймгийн "Өглөгчийн хэрэм" ХХК-ийн захирал Ц.Энхжаргал Ерөнхий сайдад мөн учирлаж байв.

-ЦАС, ХУР ТАРИАЛАНЧДЫГ СОРЬСОН Ч АЛДАГДАЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Цас их орсноос налсан тариаг иш өргөгч бүхий комбайнаар хураан авч байгаа ч хугацаа хойшлох, зардал нэмэгдэх эрсдэлтэй байгааг тариаланчид хэлж байв. Гэсэн ч тариаланчид шантралгүй ажиллаж, ургацаа алдагдал багатай хурааж авахаар зорьж байгаа нь бахархууштай. Өнгөрсөн жил улсын хэмжээнд ургац алдаж, 200 гаруй мянган тонн үр тариа импортоор авч дотоодын хэрэгцээгээ ханган хүндхэн нөхцлийг даван туулсан. Тэгвэл энэ жил Монгол Улсын хэмжээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортод үр тариагаа гаргах том зорилт дэвшүүлэн 500 гаруй мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөн тариалалт хийсэн. Хэдий цаг агаарын давтагдашгүй хүчин зүйл нөлөөлж, хоёр ч удаагийн цаснаас үр тариа тодорхой хэмжээнд дарагдаж, налсан ч тариаланчдын зөв зохион байгуулалттай ажиллагаа, Ургацын комиссын шуурхай ажиллагааны дүнд гарз хохирол харьцангуй бага тусч байна. Ургацын урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 425 мянган тонн улаан буудай хурааж авахаар тооцож буй бөгөөд ингэснээр дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэдгийг салбарын сайд нь баталж байв. Учир нь манай улсын улаан буудайн дотоодын хэрэгцээ 320 гаруй мянган тонн байдаг ба илүү гарсан улаан буудайгаа экспортод гаргах боломж бидэнд бүрдэх аж. Төмс нийт 151 мянган тонн хураан авсан нь дотоодын хэрэгцээг 100 хувь хангах юм. Цаашдаа жилийн дөрвөн улиралд хадгалан, төмс хүнсний ногоогоо борлуулах зоорь бүхий худалдааны цэгийг хангалттай тоогоор байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байгаа аж. Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тодорхой санхүүжилтийг шийдэж, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатарт байгуулах юм байна.

-ГУРВАЛЖИН БУДААНЫ ЭКПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-

Тариаланчид сүүлийн хоёр жил гурвалжин будаа тариалж эхлээд байгаа. Улаан буудайг бодвол чийг, нар их шаарддаг, амархан хатахуйц эмзэг, арчилгаа ихтэй ч экспортод өндөр үнээр гаргах боломжтой юм. Гурвалжин будааг Япон улс манай улсаас авах тун сонирхолтой байдаг бөгөөд тусгай захиалгын дагуу зарим компаниар тариулж байгаа. Мөн гурвалжин будааг буурцагт ургамлын адил сэлгээнд тарьж, хөрсөө амраах боломжтой талаар "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргал ярьж байлаа.  Тус компани гурвалжин будааг цэвэрлэж, ялгах томоохон үйлдвэрийг 200 гаруй сая төгрөгөөр байгуулснаа томилолтын үeэр танилцуулж байлаа.  Алсдаа гурвалжин будааг тариалах ажиллагаа амжилттай туршигдвал тариаланчид экспортод өндөр үнийн дүнтэй гаргах боломж бүрдэх ирээдүй байна.

-ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ ТОГТООСОНД ХАМГИЙН ИХЭЭР ТАЛАРХАЖ БАЙНА-

Цаг агаарын хүнд нөхцөл тариаланчдыг сорьж байгаа ч Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгийг тогтоон зарласанд хамгийн ихээр талархаж буйг Eрөнхий сайдын уулзсан тариаланчид онцолж байлаа. Тариалангийн бүс нутгийг долоон аймгийн 66 сумын 113 багийг хамруулан тогтоосноор тариалангийн талбайг хашаажуулах ажил эхэлж, энэ онд 4.1 тэрбум орчим төгрөгөөр 450 км хашаа татахаар болсон. Энэ нь тариалангийн талбайгаа малын хөлөөс хамгаалж, цаашлаад хашаалсан талбайгаа ойжуулж, хөрсөө хамгаалах үндэс болж байгаа юм. Үүнээс гадна салбар яамны нэгдсэн бодлогоор тариаланчдад үрийн болон шатахууны хөнгөлөлт олгосон нь ихээхэн нэмэр болсныг тариаланчид хэлж байв. Ургац алдаж, эргэлтийн хөрөнгөгүй болж, үндсэндээ үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан компаниуд 10 хувийн урьдчилгаагаар үр, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шатахуунаа авсан нь дахин тариалалтаа эхлүүлж, хөл дээрээ босох боломжийг тэдэнд олгосон аж.

-Б.БАТЗОРИГ: ГУРИЛЫН ҮНЭ ХӨДЛӨХ ЁСГҮЙ-

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн захирал Х.Даваахүү 1000 гаруй га талбайн үр тариагаа 8, 9 хоногт хураах техникийн хүчин чадал, боломжтой байсан ч цас, борооны давтамж их байгаагаас үр тариагаа хатааж, хураах шаардлага үүсч хойшлогдож байгааг хэлж байв. Мөн тэрбээр сүүлийн хэдэн жил үр тариа худалдан авах үнэ өөрчлөгдөөгүй, гэхдээ үүнийг нэмэгдүүлэхгүйгээр гаднаас импортоор үр тариа авах квотыг тариалалт дуустал хязгаарлахыг хүсч байв. Ингэснээр дотоодын тариаланчдаас үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх боломжтой болно гэж байлаа. Мөн болц удааширснаас шалтгаалж дутуу болсон буюу ногоон буудайг тэжээлийн нөөцөд авах боломжийг судлахыг салбарын удирдлагуудад уламжилж байв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Өмнөх жил улс үр тариагаа алдаж, энэ жил тариалалт хийх үү үгүй юу гэсэн нөхцөл үүссэн байсан. Гэхдээ бид Тариалангийн бүс нутгийг зарлаж, үр, шатахуун, техникийн дэмжлэг үзүүлсэн, тариаланчдын маань урам зориг сэргэсний үр дүнд 497 мянган га талбайд үр тариа тариалсан. Тариаланчид ч хичээж, байгаль хангай ч харж үзлээ. Үр тариагаа ч бид хангалттай хураагаад авна. Тодорхой бэрхшээл байгаа ч бид тухай бүрт нь болох бүр арга хэмжээг авч шийдвэрлэнэ. Сая тавьсан хүсэлтийг бид яаманд судалж үзэж байгаа. Гэхдээ хамгийн эхэнд бид нийт иргэдээ дотоодын улаан буудайгаар хангах зорилгоо барьж ажиллана. Гурилын үнэ хөдлөх ёсгүй. Тийм учраас зохицуулалтыг яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа "ТЭДС" хийж болно. Тариаланчдаас ТЭДС-нд авах үр тарианы үнийг нэмэгдүүлж 600 мянган төгрөгт хүргэх боломжтой. Энэ нь тариаланчдаас ТЭДС-нд төлөх өрөөс суутган тооцох учир гурилын үнэд огт нөлөөлөхгүй. Одоо байгаль цаг уурын хүндрэл дахин гарахгүй бол 14 хоногтоо багтаад тариа хураалтаа дуусгаж чадна” хэмээлээ.

“Тариаланчдад зээлээр өгсөн буудайгаа буцааж авахдаа нэгдүгээр ангиллыг 600 мянга, хоёрдугаар ангиллыг 580 мянга, гуравдугаар ангиллыг 560 мянга, дөрөвдүгээр ангиллыг 520 мянган төгрөгөөр тооцож авч байгаа. Худалдан авалтаа 560 мянгаар хийж байна. Өр авлагатаа тооцож авч байгаа учир гурилын үнэ өсөх нөхцөл үүсэхгүй” хэмээн ТЭДС-ийн захирал Б.Үнэнбат хэлж байв. Тус сангаас энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

-ЧИЙГТЭЙ БУУДАЙГ БУЦААХГҮЙ-

Томилолтын хүрээнд Монгол Улсын гурилын хэрэгцээний 35 хувийг хангадаг "Улаанбаатар гурил" ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр хоногт 300 тонн, жилд 100 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай бөгөөд дээд гурил, Нэг, Хоёрдугаар гурил болон Эрүүл мэндийн гурил, хүнсний хэвэг, тэжээлийн хэвэг үйлдвэрлэж байгаа. Мөн тус үйлдвэр улаан буудайг хатаах технологи нэвтрүүлсэн нь ихээхэн дэвшил болсон аж. Өөрөөр хэлбэл энэ технологийг нэвтрүүлснээр тариаланчдаас ирсэн чийгтэй буудайг буцаахгүйгээр хүлээн авч, үйлдвэртээ хатаадаг болсон байна.

Тус үйлдвэр энэ жил нийт 100 мянган тонн, үүнээс шинэ ургацаас 60 мянган тонн буудай хүлээн авахаар төлөвлөснөөс одоогоор 19800 тонн хүлээн авчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цаг агаарын тодорхой хүндрэлийн нөлөөгөөр ургац хураалтын ажил саатсан байна. Гэхдээ ургац хураалт амжилттай, тариаланчид өөдрөг байна. Бидний үүрэг бол иргэдээ дотоодын улаан буудайгаар хангах. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийн тулд тариаланчидтайгаа хамтарч ажиллана. Байгалийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол бид гурил, төмсөө дотоодын нөөц бололцоогоороо 100 хувь бүрэн хангах боломж бүрдсэн байна. Ирэх жил тохиох Атар газар эзэмшсэн түүхт 60 жилийн ойг тариаланчид хөдөлмөрийн их амжилтаар угтаж байгаад баяртай байна. Засгийн газар шийдвэр гаргаж Тариалангийн бүс нутгаа тогтоосон. Бодлогоор газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, олон төрлийн хөнгөлөлт олголоо. Тариалалтаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь Монгол Улс цаашдаа хүнсний орон болох ёстой. Хоёр том хөршийн зах зээлд хүнсээ гаргахад өндөр үнээр худалдаж авах боломж байгаа. Бид Монголынхоо зах зээлд хангалттай ажилласан. Одоо дэлхий рүү харж ажиллах хэрэгтэй. Монгол Улсыг тэжээж байгаа үндсэн салбар бол уул уурхайгаас гадна ХАА, газар тариалан, мал аж ахуйн салбар. Цаашдаа асар их орлого олох, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бидэнд бий. Жишээ нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд гаргаж чадвал 30 гаруй мянган хүн ажлын байртай болно. Ноолуураа 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээлд гаргаж чадвал жилд 1 тэрбум орчим ам.долларын цэвэр ашиг олох боломж бий. ХАА, мал аж ахуйн салбар ч мөн адил. Энэ бүх боломжийг ашиглахын төлөө нэг бодлого, нэг зорилготой тэмцэж ажиллах хэрэгтэй. Төрийн зүгээс бүх бодлогыг гаргасан. Одоо үйлдвэрлэлээ эрчимжүүлэх цаг болсон” хэмээлээ.

Eрөнхий сайдын томилолт маргааш Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад үргэлжилж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Ц.Ган-Өлзий

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (66.181.182.19) 2018 оны 10 сарын 09

ЗӨВ САНААТАЙ БОДЛОГООР АЖИЛЛАВАЛ МОНГОЛ ОРОНД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЭ

0  |  0
иргэн,(202.179.25.92) 2018 оны 10 сарын 09

Ерөнхий Сайд аа наад Тариаланч малчидаа битгий Давраагаад байгаарай Жил болгон Хадлан тариалангийн цагаар Улсаас дэмжлэг Татаас авна Малчид Цасны бараа харангуутаа Зуд турхан боллоо гэж Улсаас Өвс тэжээл Хандив тусламж авна ингээд байхаар чинь Хөдөө аж ахуй Газар тариалан Мал аж ахуй чинь яаж Хөгжих юм вэ Зах зээлийнх нь Хуулиар ажлын явуул

0  |  0
Cbnn(49.0.147.33) 2018 оны 10 сарын 08

тариалан эрхлэгчдыг дэмжиж байна гээд жил болгон л улсын төсвөөс урамшуулалын мөнгө эн тэр өгч байнга л дэмжиж байна мөнгө угаах нэг арга хэрэгсэл байх юм бизнес хийж ашиг олж байж байнга гоншигнож мөнгө төгрөг авах юм инкубаторт байгаа амьтад шиг л бөөцийлүүлэх юм даварсан тариаланчид яг үнэндээ мал тариан талбайд ороод будааг нь идээд байгаа зүйл байхгүй худлаа далимдуулж хүний мал авах гэсэн бузар шуналтангууд байх юм ямар ч идэж ууж ханаж цаддаггүй лалрууд байдаг юм хүний өмнөөс бизнес хийж байгаа юм шиг л байх юм тариа тарьсан хүмүүс өчнөөн л баяжлаа чадахгүй байгаа бол улс нь газраа ав

0  |  0
Био Ундарга(103.212.118.77) 2018 оны 10 сарын 08

Гадаадаас буудай оруулахгүй гэж байгаа бол ирэх хаврын тариалалтанд импортоор авдаг бордооныхоо хэмжээг багасгах хэрэгтэй байна.Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай

0  |  0
Top