Америкийг гүйцэх нь: ЕХ-ны эдийн засгийн загвар яагаад ялагдаж байна вэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

Европын бүсийн эдийн засаг уналтын эрмэг дээр дэнжгэнэж байхад АНУ-ын статистик шинжээчдийг баярлуулж байна. Асуудал богино хугацааны хүчин зүйлстэй холбоогүй гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн жилүүдэд Европын Холбооны хэтийдсэн зохицуулалт бүхий эдийн засгийн хөгжлийн загварын дутагдлууд ил гарч ирж байна гэж тэд дүгнэжээ.

Дэлхийн томоохон улс орнуудын төв банкнууд бодлогын хүүгээ бууруулахаар бэлтгэж байгаа бөгөөд бүх анхаарлаа АНУ-ын Холбооны нөөцийн санд хандуулаад байна. Харин Холбооны нөөцийн сан одоогоор бодлогын хүүгээ сулруулахаар яарахгүй байгаа ба гол шалтгаануудын нэг нь эдийн засаг, юуны өмнө хөдөлмөрийн зах зээл нь хэт халсантай холбоотой гэж ажиглагчид онцолжээ. Европын эдийн засгийн өсөлтийн хурд сул байгаа тул Европын Төв банк энэ тал дээр Холбооны нөөцийн сангаас урьтаж алхам хийх магадлалтай. АНУ болон Европын эдийн засгийн динамикийн ялгаа нь бодлогын хүүгийн хүлээлт төдийгүй санхүүгийн зах зээл дээрх АНУ болон Европын компаниудын зах зээлийн үнэлгээний асар их ялгаагаар илэрч байна. Тиймээс Европын хоцрогдол нь тогтолцооны шинжтэй болж буйд болгоомжилж эхэлжээ.

2023-2024 оны ДНБ-ий өсөлтийн талаарх мэдээллээс үзвэл АНУ Европоос тасархай түрүүлж байна. 2023 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрсэн бол Европын бүсийн орнуудад энэ үзүүлэлт дөнгөж 0.5 хувьтай гарчээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын урьдчилсан таамгаар, 2024 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.6 хувьд хүрэх төлөвтэй байгаа бол Европын Холбооных 0.7 хувь, Европын хамгийн том эдийн засаг болох Германы өсөлт дөнгөж 0.2 хувьтай гарах төлөвтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гишүүн хөгжингүй орнуудын дундаж өсөлт 1.7 хувьтай байна гэсэн тооцоолол гарчээ. Ингэснээр АНУ 2023-2024 оны туршид эдийн засгийн өсөлтөөр томоохон хөгжингүй орнуудыг илт тасархай төрүүлсээр байгаа ба Европоос ДНБ-ийн хоёр хувьтай тэнцэх түвшингээр түрүүлж байна.

Зах зээлийн нүдээр

Европ ийн АНУ-аас хоцорч буй хоцрогдлын хүчин зүйлс нь урт хугацааны болон богино хугацааны шалтгаантай. Ковидын хямралын 2020 онд АНУ төсвөөс асар хүчтэй дэмжлэг үзүүлсэн. Нийгмийн нэмэлт зардлын хэмжээ ДНБ-ийн зургаан хувьд хүрсэн нь ЭЗХАХБ-ын гишүүн хөгжингүй орнуудын дундаж үзүүлэлтээс хоёр дахин их юм. Европын Холбооны зарим гишүүн оронд энэ зорилгоор ДНБ-ийн нэг хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргасан байдаг. АНУ-ын нийгмийн зардлын өсөлт нь хэрэглээний итгэлтэй байдлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Үүнээс улсын ДНБ-ий ерөнхий өсөлт ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, хэрэглээний хүчин зүйлс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн 70 хүртэлх хувьд нөлөөлдөг байна. Гэсэн хэдий ч АНУ-ын хувьд төсвийн зардлыг нэмэгдүүлэх нь урт хугацаанд илүү асуудалтай. Учир нь АНУ-ын улсын өр өндөр төдийгүй бодлогын хүү өндөр байгаа энэ үед хэрэглээний итгэлтэй байдал сулрах шинж тэмдэг 2024 оны хавраас ажиглагдаж эхэлжээ.

Урт хугацаанд Европын хоцрогдол эдийн засгийн өсөлтийн неоклассик загварын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох ажиллах хүчний нөөц, капитал, бүтээмжийн хүчин зүйлсийн өсөлтөөс үүдэлтэй. Ажиллах хүчний нөөцийн хувьд АНУ-ын гол давуу тал нь цагаачлал байдаг. Конгрессын мэдээллээр, 2023 онд АНУ 3.3 сая хүн хүлээн авсан байна. Энэ нь ажиллах хүчний нийлүүлэлт нэмэгдэх гол хөшүүрэг болж, цалин болон үнийн өсөлтийг тогтоох боломжийг олгожээ.

Цагаачлал АНУ-д хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гол түлхүүр болсон байна. Харин Европт хүн ам зүйн асуудал, ажиллах хүчний хомстол нүүрлэсэн энэ үед цагаачлалыг хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Ялангуяа Франц, Герман зэрэг томоох эдийн засгууд энэ талаарх идэвхтэй арга хэмжээ авч байна.

Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын урсгалын хувьд АНУ-ын эдийн засгийн давуу талтай маргах шаардлагагүй. Дэлхийд зах зээлийн үнэлгээгээр тэргүүлж байгаа 20 компанийн 16 нь АНУ-ынх бол дөнгөж хоёр нь Европын компаниуд. Ингэхдээ тус хоёр компани сүүлийн 10-ын дунд жагсаж байгаа. Зах зээлийн үнэлгээгээр Данийн “Novo Nordisk” компани Европт тэргүүлдэг. 2024 оны тавдугаар сарын байдлаар, тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 570 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Тус компани ашгийнхаа дийлэнх хувийг АНУ-д илүүдэл жингийн эсрэг эмийн нийлүүлэлтээр бүрдүүлдэг байна.

Хөрөнгийн зах зээл АНУ-ын компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах гол эх үүсвэр ба АНУ-ын хувьд энэ нь хэрэглээний итгэлтэй байдлыг хадгалах гол хүчин зүйл. Харин Европын компаниуд гол төлөв банкны зээл татах замаар хөрөнгө оруулалтаа шийддэг. Зээлийн өндөр хүү, Европын санхүүгийн салбар хүндрэлтэй байгаа энэ үед Европын компаниудын АНУ-тай өрсөлдөх чадварыг нь улам бууруулж байна.

Дижитал хоцрогдол

Харин хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хувьд АНУ нь сүүлийн хэдэн арван жилд Европын бүсээс хоёр дахин тэргүүлж байна. 1990-ээд оны дунд үеэс АНУ-д хөдөлмөрийн бүтээмж 53 хувиар өссөн бол Европт дөнгөж 28 хувиар нэмэгджээ.

АНУ-ын нэрт эдийн засагч Барри Айхенгриний онцолсноор, ковидын цар тахал эхэлснээс хойш хүртэл АНУ-д хөдөлмөрийн бүтээмж зургаан хувиар өссөн бол Европт зогсонги байдалд орсон эсвэл бүр буурч байв.

Ойрын жилүүдэд энэ тал дээр АНУ Европоос илт хол түрүүлэх боломжтой. Учир нь Европ цахим платформын хөгжлөөрөө ч мөн хоцорч байгаа. Дэлхийн тэргүүлэх 20 платформ болон хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд  бүгд Америк гаралтай. Хиймэл оюун ухааны салбарт Европын Холбооны хувьд Мэдээллийг хамгаалах ерөнхий журам, Дижитал зах зээлийн тухай хууль зэрэгт заасан хэт зохицуулалт нь гол асуудал болж байна.

АНУ, Европын Холбооны хоорондын эдийн засгийн өрсөлдөөнтэй холбогдуулан байнга тавьдаг асуултын нэг нь “Apple эсвэл Amazon зэрэг компаниудын Европ хувилбар хаана байна” гэсэн асуулт юм.

Эдийн засгийн өсөлтийн гол гол үзүүлэлтүүдийг задлан шинжилсний үндсэн дээр гаргасан ерөнхий дүр зургаар авч үзвэл АНУ нь хэрэглээнээс авхуулаад цагаачлал, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хүртэлх бүхий л хэмжүүрээр илт давуу талтай байгаа нь харагддаг. 2024 он Европ, АНУ-ын цаашдын өрсөлдөөний хувьд шийдвэрлэх жил болж магадгүй. Учир нь энэ зун Европын парламентын сонгууль болно. Энд Европын нэгдэлд үл итгэгчид ялах магадлал өндөр байгаа бол оны төгсгөлд АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялах магадлалтай. Доналд Трамп ялсан тохиолдолд АНУ ажиллах хүчний хөдөлгөөн, томоохон компаниудад таатай зохицуулалт зэрэг өрсөлдөөний хэд хэдэн давуу талаа алдах эрсдэлтэй.

Гэхдээ европчуудад өрсөлдөгчийнхөө алдаанд найдах хэрэггүй.  Учир нь Европын Холбоо хүнд суртлаасаа салж, инновацын орон зайг тэлсэн эдийн засгийн удирдлагын өрсөлдөх чадвар бүхий тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэдийн тулгараад байгаа. Эдгээр асуудлыг төвөөс зугтах чиг хандлага хүчирхэгжиж буй нөхцөл шийдэх болж байна. Виктор Хюгогоос авхуулаад Валери Жискар д’Эстен хүртэлх Европын сэтгэгчдийн Европын Нэгдсэн Улс тухай, Америктай амжилттай өрсөлдөх тухай мөрөөдөл одоогоор бодит байдлаас хол байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal buruu dvgnelt(66.181.182.53) 2024 оны 05 сарын 20

vnendee amerikuud asar ih mungu hevlej gargaj ediin zasagaa gvn gvnzgii hyamarald oruulij bnaa. amerikiin ur ni 34 trillion bolsonii deer amerikiin zasagiin gazariin bondiig hyataduud iheer hudaldaj bainaa. uur arabiin ornuud iheer avahgui bolj bgaa. amerikiin hudaldaanii aldagdal 500 terbum sh de.evropiin ediin zasagd orosiin hymd erchim hvch neft hiin bhgui bolohoor unaad bna. terenees amerik shig mungu hevlej taraah bodolgo ybuulaagui bnaa.

1  |  0
Top