Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна

2024 оны 05 сарын 20

 

Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газар нь Дэхийн хэмжил зүйн өдрийг угтан “Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна” сэдэвт семинарыг /2024.05.20/ зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр Тогтвортой хөгжил ба хэмжил зүй, Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллого, Агаарын бохирдол ба барилгын дулааны алдагдал, Тогтвортой хөгжилд эрчим хүчний оролцоо, Лазер хурд хэмжигч, Шингэрүүлсэн нефтийн хийн ерөнхий ойлголт, хэмжилт тохируулга зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: Хэмжил зүй нь тогтвортой хөгжлийн зорилтод чухал үүрэг үзүүлдэг. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Хэмжил зүй нь бүх салбар дахь үйлдвэрлэлийн үйл явцын чанарын хяналтад маш чухал. Нарийвчилсан хэмжил нь бүтээгдэхүүний найдвартай байдал, аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх, нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг олгодог. Мөн хэмжлийн шинжлэх ухаанд судалгаа хийснээр технологийн дэвшилд хувь нэмэр оруулдаг. Хэрэв чи үүнийг хэмжиж чадахгүй бол та үүнийг хийж чадахгүй энэ нь өөрөө хэмжил зүй юм” хэмээн онцлон хэллээ.

СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл: Үндэсний батлагдсан 6635 стандарт байгаагаас байгаль орчны 361 стандарт байна. Үүний 158 нь буюу 44 хувь нь Олон Улсын түвшинд хүрсэн стандарт байгаа юм. Бид цаашид хүний нөөцийг бүрдүүлэн бэхжүүлэх, чадавхижуулах, Хэмжил зүйн стандарт, арга аргачлал боловсруулах, шинэчлэх, мөрдөх, Эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, Хэмжил зүйн мэргэжлийн байгууллагуудыг бий болгох, Хэмжил зүйн лабораторийн барилга, байгууламж, шинэчлэн байгуулах, Хэмжил зүйн үйл ажиллагааг цахимжуулах, дижитал шилжилтийг нэвтрүүлэх зэрэг асуудлуудад анхаарч ажиллаж байна" хэмээн хэллээ.

МУ-ын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ЭХЯ-ны Бодлого, төвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэл, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэл СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл болон ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн ЭША Ш.Молор, Юни Газ ХХК-ны инженер Л.Санчирхүү нар оролцлоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top