ТОМИЛОЛТ: Тариалангийн салбар АЖИЛЛАХ ХҮЧЭЭР дутагдаж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх болон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт өнөөдөр үргэлжиллээ.

-Ш.ОРГИЛ: "СЭЛЭНГЭ-5" СОРТЫН ҮР ГАРГАЖ, ЖИНХЭНЭ СЭЛЭНГИЙН ТӨМСӨӨР ИРГЭДЭЭ ХАНГАНА-

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нийт 41.1 мянган км2 газар нутагтайгаас 50.6 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр газар аж. Үүний 43.6 хувь нь ойн сан бол 15.3 хувь нь үр тариа, 0.3 хувь төмс, хүнсний ногоо, 0.01 хувь нь жимс, жимсгэнэ тариалдаг талбай юм. Харин 8.2 хувь нь улсын тусгай хэрэгцээний газар нутаг юм байна.

Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж буй. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцуулж байлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургац хураалт хоцорч байгаа ч дор бүрнээ зүтгэл гаргаж 100 хувь хураан авахаар тариаланчид хичээж буй.
Тус аймгийн хувьд Сэлэнгэ сортын төмс гаргаж авахаар зорьж байгаа. "Сэлэнгийн төмс гээд газар сайгүй худалдаалдаг. Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ Сэлэнгийн сорт одоог хүртэл байхгүй. Тиймээс аймгийн зүгээс бодлогоор нэрийн сорт, брэндээ гаргаж авахаар Элит үр компанитай хамтран Сэлэнгэ-5 сортыг үүсгэж байгаа. Ингэж байж Сэлэнгийн хөрсөнд ургасан жинхэнэ Сэлэнгийн төмс гарч ирнэ" хэмээн Аймгийн Засаг дарга Ш.Оргил тодотгож байлаа.
Харин тус аймгийн хувьд тулгамдсан асуудлын нэг нь "Будааны зам" хэмээх 110 гаруй км зам. Олон жил тариачин, ногоочин, тээвэрчдийг хүлээлгэж байгаа энэ замаар хураасан будаагаа тээвэрлэдэг бөгөөд дөрвөн сумын төвөөр дайран өнгөрдөг. Гэвч одоог хүртэл сайжруулаагүй, асфальтаар хучаагүйгээс жил бүр аймгаас төсөв гаргаж өнгөн хэсгийг хусах шаардлага үүсдэг. Давхардсан тоогоор 20 мянган иргэний ирж очдог замыг тавьчихвал олон мянган ногоочин, тариачид, өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих, цаашлаад шороо тоосноос иргэдийн эрүүл мэндийг хамгаална гэдгийг Ш.Оргил дарга мөн тодотгож байлаа.

-Б.МӨНХТӨР: УРГАЦ ХУРААЛТ ДУУСТАЛ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА-

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн танилцуулснаар, энэ хавар нийт 189 мянган га-д үр тариа тариалснаас 140 мянган га нь улаанбуудай аж. Цаг агаарын хүндрэлээс шалтгаалж 2500 га тэжээлд шилжиж, 5012 га ургац алджээ. Гэсэн ч 135 мянган га талбайгаас 175 мянган тн ургац хураан авах төлөвтэй байгаа аж. Ургац хураалт өнөөдрийн байдлаар 46 хувьтай байгаа ба 92 мянган тн үр тариа хурааж авчээ. Сэлэнгэ аймгийн тариаланчид үр тариагаа амжилттай тариалж, ургац хураах үeд цаг агаараас шалтгаалсан хүндрэл гарсан ч даван туулах чадвартай байгааг Б.Мөнхтөр дарга онцолж байв. Тариаланч, малчдын хоорондын тулгардаг асуудлыг зохицуулах зорилгоор аймгийн Ургацын комисс хуралдаж, ургац хураалт дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аймаг, сум орон нутгийн бүх шатны албан тушаалтнууд хамтарч ажиллахаар болсныг тэрбээр мөн хэлж байлаа. Ургац хураалт болон тээвэрлэлтэд ямар нэг саад учруулахгүй байхад хяналтын байгууллагууд, багийн дарга нар, малчид хамтарч ажиллаж буй аж. Гэсэн хэдий ч тариалангийн талбайд мал орох зэргээр маргаан тасрахгүй байгаа учраас эрчимжсэн мал аж ахуйд шилжих, малын тоо толгойг цөөлөхөд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэрбээр хэлж байлаа.

Энэ өвөл аймгийн хэмжээнд 17 сумын 56 багт 9499 малчин болон мал бүхий өрхөд 1.6 сая мал өвөлжих аж. Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь Тариалангийн бүс нутагт багтсан. Тиймээс тус аймаг ойрын жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйг халж, эрчимжүүлсэн мал аж ахуйд шилжих, гаднаас малтай иргэд нэмж оруулахгүй байх, ойн зурвас татаж, тариалангийн талбайнуудаа хашаажуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага Сэлэнгэ аймагт тулгарч буй юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Бэлчээрийн тухай хуулийг боловсруулж, олон малчдаас санал авсан талаар хэлж байв. Судалгаанд хамрагдсан малчдын 85 орчим хувь нь бэлчээрийн асуудлыг цэгцэлж, малын тоо толгойг цөөлөх, чанаржуулах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Малчдын ч хүсэл зорилго, санаа нэгдсэнээс харахад олон жил яригдсан ч өнөөг хүртэл батлагдаж чадаагүй Бэлчээрийн тухай хууль Засгийн газраас УИХ-д өргөн барьвал хэлэлцэхэд бэлэн болсон байна.


-ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАШААЖУУЛАХ АЖЛЫГ УЛАМ ЯАРАВЧЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-


Сэлэнгэ аймгийн хамгийн том газар нутагтай сум болох Eрөө сум аймгийн нийт газар нутгийн 19.7 хувийг эзэлдэг байна. Тавин, Буурагчин, Бугант гэсэн 3 багийн нийт 1800 гаруй өрх, 6732 хүн амтай тус суманд газар тариалангийн 15 аж ахуй нэгж 19 иргэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 23900 га эргэлтийн талбайтай. Жилдээ тогтмол 15000 га талбайд тариалалт хийдэг аж.

Eрөө сумын Засаг дарга М.Ганбаатарын танилцуулснаар, энэ онд 15 аж ахуй нэгж, 14 иргэн нийт 15987,44 га талбайд үр тариа, тосны ургамал тариалжээ. Газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн хоорондын зөрчилдөөн нэмэх хандлагатай байгаа учир сум орон нутгийн удирдлагууд зөв зохистой зохицуулах талаар нэлээд санал санаачлагатай ажиллаж байгааг тэрбээр мөн хэлээд бэлчээрийн талбайг эзэнтэй, хариуцлагатай болгох нь зөв гэлээ.



Тус сумын онцлог нь хөрсөндөө алт, зэс, оюу, төмрийн хүдэр, гянт болд шохойн болон шөрмөсөн чулуу зэрэг байгалийн баялагтай. Гэвч Бугант тосгонд бичил уурхай эрхлэгчид алт олборлож, байгаль орчныг багагүй сүйтгэж буй талаар олон жил ярьсан. Энэ талаар М.Ганбаатар дарга "Сүүлийн үед нэлээд эрчимтэй яригдаж, шүүмжлэл дагуулж байгаа асуудлын нэг энэ. Бичил уурхай эрхлэгчдийн тухайд газар нутгаа эргээд нөхөн сэргээх, байгалийн зөв голдиролд оруулах боломжууд бий. Бичил уурхай эрхлэгчид техникийн хүчин чадал болон ажиллах хүч нь хангалттай болсон. Одоо бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатай. Хяналт шалгалтаар явахад төрөөс гарч буй бодлого шийдвэр газар дээрээ хэрэгжихгүй байх, хоорондоо зөрчилдөх зүйл ажиглагддаг. Нийт 30 орчим нөхөрлөл албан ёсоор бүртгүүлсэн. Албан бус тоогоор 100 гаруй бичил уурхай эрхлэнчид бий. Хавар нөхөрлөлүүдийг хуулийн этгээд болгох үйл ажиллагаа эхэлж өнгөрөгч сарын эхээр гэрээ хэлэлцээр эхэлсэн. Хяналт байнга явдаг ч бас үйл ажиллагааг нь зогсоох бус харин хариуцлагажуулах шаардлагатай гэж харагддаг" хэмээж байлаа.



Eрөнхий сайд тус сумын “Их шинэстэй” ХХК-ийн тариалангийн талбайтай танилцсан юм. 1997 оноос одоог хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 20 жилийн түүхтэй ХАА-н ууган компанийг Монгол Улсын гавьяат механикжуулагч С.Ганболд үүсгэн байгуулжээ. Өнөөдрийг хүртэл тариалалтаа эрхлэн яваа тэрбээр Монголд анх удаа төслийн нэгжтэй хамтран элдэншүүлэггүй уринш бэлдэх технологийг нэвтрүүлэн тогтвортой ургац авч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн байн. 6000 гаруй га эргэлтийн талбайтай, жилд 2500-3000 га-д улаан буудай тариалж 2000 гаран га-д уринш бэлтгэдэг. Мөн үүнээс гадна иж бүрэн засварын газар, 2000 тн-н хүчин чадалтай үр цэвэрлэгээний механикжсан үтрэмтэй хэмээн С.Ганболд гуай Eрөнхий сайдад танилцуулж байлаа. Тэрбээр байгаль цаг уурын хүчин зүйлтэй тариаланчид байнга тулгарч, нөр их хөдөлмөрөөр даван туулдаг ч тариалангийн талбайг малын хөлөөр сүйтгэж байгаа нь маш их хүндрэл болж буйг учирлаж байв.
Тариалангийн бүс нутгаас бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлаж, мал бүхий иргэдтэйгээ богино хугацаанд зохицон шийдлээ олж, эрчимжсэн мал ахуйд шилжих шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байв.

Eрөнхий сайдын дараагийн ажилласан Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь "Арвин бэлчир" ХХК-ийн тухайд үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл явуулдаг.2008 онд 288 га талбайтай, 2 трактор, 1 вагончиктой, 7 ажилтантай эхэлсэн тус компани үйл ажиллагаа, улам өргөжин тэлж эргэлтийн талбай 1754.16 га, газар тариалангийн үйл ажиллагаа бүрэн механикжсан, зөөврийн засварын цех, явуулын цайны газар, ажилчидын тохилог байртай ХАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн томоохон аж ахуй болж бэхжсэн талаар тус компанийн захирал ярьж байв.
Энэ онд 1200 га талбайд “Алтайский-75 сортын” улаанбуудай, 30 га-д төмс, 50 га-д овьёос тус тус тариалжээ. Үрийн чанарыг сайжруулах зорилгоор Герман улсын ПОЛО сортын үрийг авчирч бүрэн шинэчилжээ.



-ТАРИАН ТОЛГОЙ БӨХИЙДӨГ Ч ТАРИАЛАНЧДЫН ТОЛГОЙ БӨХИЙДӨГГҮЙ-

Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн талбайгаар ажиллаж, тариалан эрхлэгчидтэй уулзан, хаврын тариалангийн үeэр ажилласан томилолтын үр дүнгээ шалгасны дараа ажлаа дүгнэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Тариан толгой бөхийдөгөөс тариаланчдын толгой бөхийдөггүй гэдэг. Энэ бол үнэн үг. Тариаланчид ямар ч хүндрэл бэрхшээл тохиосон зориг хүч хөдөлмөрөөрөө давж гарч чаддаг. Ургац хураалт хоцрогдолтой явж байгаа ч өдөр шөнөгүй ажиллаж байна. Улс орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд гар биe зүтгэж байгаа нийт тариаланч, ногоочиддоо баярлалаа. Монгол Улсын гурван сая гаруй иргэнийг тэжээх тариалангийн талбай нийт газар нутгийн 0.5 хувийг л эзэлдэг. Энэ газар нутгаа хамгаалж байж ирээдүйд бидний идэх хүнс, цаашлаад тусгаар тогтнол хамгаалагдана. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Одоо тариалангийн талбайгаа хашаажуулах хэрэгтэй. Салбар яам санаачлагатай, эрчимтэй ажиллаж энэ онд 450 км хашаа татахаар эхэлсэн байна. Тариаланчид төрийн бодлого, шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Харин боловсон хүчин дутмаг, ажил хийх залуус олдохгүй байгаа талаар хөндөж байна. 89 настай гавьяат агрономич тариан талбайн дээрээ ажиллаад гүйж байхад 30 мянган төгрөг өдөрт олгоё гэхэд ажиллах хүн олдохгүй байна гэж байгааг сонсох үнэхээр ичгэвтэр байсан. Мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин энэ салбарт үгүйлэгдэж байна. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн урамшууллыг ирэх оноос олгох боллоо. Мөн МСҮТ-ийг бэхжүүлэх, төрөл мэргэжлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Монгол Улс дотооддол ургасан, үйлдвэрлэсэн эрүүл хүнсээр 100 хувьд хэрэгцээгээ хангах нь бидний зорилт. Цаашлаад хүнсээ экспортод гаргаж чадвал нэг тэрбум ам.долларын ашиг орлого олох боломж бий" хэмээлээ.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарын тариалангийн бүс ажилласан томилолт Төв аймаг дахь Хүлэмжийн үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгчидтэй уулзалт хийснээр өндөрлөлөө. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тухайд, нарийн ногоо, жимсний 90 хувийг импортоор оруулж ирдэг. Тиймээс энэ хэрэгцээг дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан их шаардагддаг учир цахилгаан, дулааны тарифын хөнгөлөлт олгох, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг Eрөнхий сайдад уламжилж байв.

Газар тариалангийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлэхэд төр бодлогоор дэмжихээс гадна энэ намрын ургац хураалтад оюутан, цэргүүдийг дайчлах асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буйг төгсгөлд нь дуулгая.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Ц.Ган-Өлзий

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.10.162) 2018 оны 10 сарын 11

тариалангийн бүс нутаг гэж зарласан юм чинь Сэлэнгийн малын хувьд малын хөлийн татвартай болгоод малыг эрчимжүүлэх хэрэгтэй. энэ бол мэргэжилтэнгүүдийн ажил биш улсаас авах ёстой арга хэмжээ шүү.

0  |  0
kdt(103.10.23.4) 2018 оны 10 сарын 10

Тариан талбайгаа хашаажуулах нь зөв. Малчид тариаланчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах гээд байна шүү дээ...........

0  |  0
Top