Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард “Монгол экспорт” хөтөлбөрийг баталсан. Тэгвэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яам (ГХЯ) Олон улсын худалдааны төв (ОУХТ)-тэй хамтран “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” (ХХОЗЗ) боловсруулахаар ажиллаж буй аж. ХХОЗЗ боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулсан Үндэсний зөвлөлдөх уулзалтыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр Европын холбооны “Худалдааг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчид Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, нэмүү өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн нөөц чадавхи, салбар дундын уялдаа холбоо, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэрэгт тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлохын зэрэгцээ эдгээр асуудлуудаа шийдвэрлэх арга зам, шийдлүүд юу байх талаар санал солилцлоо. Мөн ОУХТ-ийн зүгээс тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох талаар танилцуулга хийж, энэ чиглэлээр хуралдаанд оролцогчдын саналыг сонсов.
Уулзалт, арга хэмжээний явцад төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжид ОУХТ дүн шинжилгээ хийсний үндсэн дээр худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг буюу цаашид хийх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөний төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулах бөгөөд энэхүү төслийг дараагийн Үндэсний зөвлөлдөх уулзалтаар төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэх аж. Уг арга хэмжээ нь олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын экспортын /худалдааны стратеги боловсруулах ажилд чухал ач холбогдолтой гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )