“Оюу толгой” компани 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

“Оюу толгой” компани 2018 оны  есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон гуравдугаар улирлын шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа. /2018.10.16/

“Оюу толгой” компани 2018 оны гуравдугаар улирлын 92 хоногийн 83-д нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2018 оны эхний гурван улирлын байдлаар “Оюу толгой” компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.19 байлаа. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн байна.

“Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчдын тоо 17 мянга давж, Монгол Улсад ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болоод байна. Ажиллах хүчний 93 хувь нь монгол бөгөөд үүний 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хуваарь, зардлын тооцооллыг 2 дахь удаагаа нягтлан шалгалаа. Шинэчилсэн тооцооллоор гүний уурхайн төсөл анхны төсөвт өртөгтөө багтан, анхны хүдэр гаргах хугацаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж дүгнэв. Харин хоёрдугаар Босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэлүүд болон чулуулгийн нөхцөл байдлаас 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх ёстой байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл бага зэрэг хойшилж, мөн оны гуравдугаар улирал руу шилжих магадлалтай гэсэн шинэчилсэн тооцоолол гарлаа.

“Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа ердөө 0.35 шоо метр буюу дэлхийн ижил үйл ажиллагаатай бусад уурхайн хэрэглэдгээс даруй гурав дахин бага ус ашиглаж, олон улсад жишиг болохуйц байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тус тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 89 хувь байлаа. Усны хэрэглээ болон нөөцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Боловсрол, сургалтын үйл ажиллагаа нь “Оюу толгой”-н үйл ажиллагааны нэн чухал хэсэг юм. Бид “эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх” гэсэн алсын хараагаа мөрдлөг болгон тууштай хэрэгжүүлж байна. 2018 оны III дугаар улиралд 215,503 хүн/цагийн сургалт явуулж, нийт 10,301 үндсэн болон гэрээт ажилчин хамруулсан байна.

“Оюу толгой” компани 2018 оны эхний гурван улиралд 793 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 562 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2018 оны III улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 379 сая ам.доллар зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг ЭНД-ээс үзэх боломжтой.

2018 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан

Гуравдугаар улиралд ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийн боловсруулалт нэмэгдсэн хийгээд төлөвлөгөөт засварын түр зогсолт хийсэнтэй холбогдолтойгоор тээрмийн ашиглалтын түвшин өмнөх улирлынхаас 5 хувиар буурсан. Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэн авч бүтээмж буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл өсөлтгүй байлаа. Хүдэр дэх агуулга, метал авалт өндөрссөний хүчинд алтны үйлдвэрлэл 54 хувиар нэмэгдсэн. Долоо, наймдугаар сарын үргэлжилсэн их усан борооноос үүдэн Хятадын авто, төмөр замын тээвэрлэлт саарсныг дагаад борлуулалтын хувь хэмжээ буурсан. Гуравдугаар улирлын борлуулалт өмнөх улирлынхаас бага байна. Хоёрдугаар улирлын борлуулалт нэгдүгээр улирлын эрс өсөлтийн нөлөөнөөс гараагүй байсан учраас харьцангуй өндөр байсан юм.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байснаа 140,000-155,000 тонн болгон шинэчилжээ. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 240,000-280,000 унци байх таамаглал хэвээр байна.

Эх сурвалж: "Oюу толгой"  ХХК

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tengis(202.9.43.99) 2018 оны 10 сарын 22

Оюутолгой Компанид үзүүлсэн хөнгөлөлтүүдээ цуцлах хэрэгтэй.Жишээлбэл Баярын ЗГ ын үед Роялтиг байхгүй болгосон.Мөн манай говийн хамаг цэнгэг усны нөөцийг үгүй ямар ч үнэгүйгээр үгүй хийж байгааг болиулах хэрэгтэй.Байгаль экологид асар их хор уршигтай Монголчуудад үр ашиггүй хамгийн бага цалин орлого оруулдаг Оюутолгойн гэрээг цуцалж гадны гуйлгачидийг хөөж явуулахыг шаардаж байна.

0  |  0
ячячячяч(103.57.94.242) 2018 оны 10 сарын 20

Тайлан гэхэд хэцүү л юм. Нийт орлого, зарлага, ашиг, цэвэр ашигийн мэдээлэл нь хаана байна аа

0  |  0
Top