Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ҮР АШИГТАЙ байршуулна

2018 оны 10 сарын 22

Зэс, нүүрсний дэлхийд данстай орд газруудтай Монгол Улсын иргэд бүгдээрээ баян гэх ангилалд багтаж амьдрах ёстой гэсэн хууль үгүй ч, баялгийн хуваарилалтын тэгш бус байдлын золиос болох учиргүй юм. Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд заачихсан байдаг. Тиймээс ч төр засаг ашигт малтмалтай холбоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн урагшлуулж байна вэ, улсын эдийн засагт ямар нөлөөллийг дагуулж байна, иргэдийн хэдэн хувь бодит өгөөж хүртэж байна вэ, хэд хэчнээн хувийг хуримтлуулж байна вэ гэхчлэн олон асуудалд анхаарал хандуулах ёстой. Дэлхийн улс орнуудын жишгийг харж байхад баялгаасаа хуримтлал үүсгэсэн нь хожиж, эдийн засаг нь хүчтэй байгаа юм.

Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо бий бөгөөд улс орнуудын өөрсдийн онцлогтоо тохируулан хөрсөн дээр буулгаж өнөөдрийг хүрчээ. Байгалийн баялаг гэдэг бол хэмжээ хязгаартай учраас, илүү ур хугацааны ашиг шим авч үлдэхийн тулд л хуримтлуулах сан хэрэгтэй болдог. Манай тухайд баялгаасаа хадгалах сан гэж олон жил ярьсан. Хураасан хадгалсан юмгүй. Эсрэгээрээ өр ширний сав болгосон бараа жишээ бий.

Тухайлбал, “Хүний хөгжил сан”-г Ирээдүйн өв сан болгож хувиргаснаар У.Хүрэлсүхийн Засгийн газар 1.1 их наядын өртэй санг хүлээн авсан юм. Өнөөдрийн тухайд энэ өрийг дарж, газрын баялгаас 553.1 тэрбум төгрөгийг ард түмэнд хадгалах нөхцөл бүрдээд байна.

Засгийн газар 2018 оноос “Хүний хөгжил сан”-гаас дамжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах ажлыг эхлүүлсэн. Ирэх онд Ирээдүй өв санд 1 их наяд 68.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцож буй. Тэгвэл энэ орлогоос дээрх өрийн үлдэгдэл болох 465.4 тэрбум төгрөгийн өр барагдуулснаар, 2019 онд Ирээдүйн өв санд 553.1 тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх юм. Энэ нь байгалийн баялгийн орлогоос бодит утгаараа хуримтлал үүсгэсэн анхны үйл явдал болж таарах нь.

Ирээдүйн өв санд хуримтлуулах орлогын 70 гаруй хувь нь  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс,  үлдсэн 30 орчим хувь нь уул уурхайн салбарт ажиллаж буй төрийн өмчит компаниудын хувьцааны ногдол ашгаас бүрдэнэ гэсэн тооцоолол Сангийн яаманд байгаа юм.

Санд хуримтлагдах мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй. Гэхдээ  активыг үр ашигтай байршуулах арга хэмжээ авна гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлээд буй.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top