Т.Түвшинтулга: Багшийгаа баярлуулсандаа сэтгэл дүүрэн байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний дөрөв дахь өдөр. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ дэлхийн аваргын анхны медалийг Т.Түвшинтулга авчирсан юм.


ТҮМЭНБИЛЭГИЙН
ТҮВШИНТУЛГА

ДАШТ-ий хүрэл медальт, Оюутны дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга /61 кг/ Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх Дэлхийн аваргын 58 дахь медаль, тэр дундаа 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирчээ.

Булган аймгийн Тэшиг суманд 1992 оны зургадугаар сарын 22-нд төрсөн. 2010 онд Сүхбаатар дүүргийн II дунд сургууль, 2015 онд ҮБТДС-ийг дүүргэсэн. 2007 оноос “Алтайн барс” клубт багш П.Чулуунбаатарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн ба 2010 оноос “Гацуурт-Олимп” клубын тамирчин болж, Гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн. 2016 оноос үндэсний шигшээ багт дуудагдсан. “Аваргууд” академийн бөх. 2014 онд спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол тус тус хүртсэн.

Түүний амжилтын тухайд гэвэл, Өсвөрийн УАШТ-ээс алт, залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, Бүх ард түмний спортын наадмаас алт, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алт, хүрэл медаль хүртэж байв. ДАШТ-нд 2016, 2017, 2018 онд нийт гурван удаа оролцож байна.

“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдсөн Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, Киргизийн бөх Улукбек Желдошбековыг 8:6 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга, Оросын бөх Гажимурад Рашидовт 1:2 онооны харьцаагаар дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Энэтхэгийн бөх Сонба Танажи Гонганег 7:0 онооны харьцаагаар хожин, хүрэл медалийн төлөөх барилдаанд 2016 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, Гүржийн бөх Бека Ломтазег 6:3 харьцаагаар ялж, дэлхийд данстай бөх гэдгээ харууллаа.

Тэрбээр ДАШТ-ээс медаль хүртснийхээ дараа “Энэ өндөр амжилтад хүрэх хүртэл хамт зүтгэж, хамт бэлтгэж ирсэн баг хамт олондоо маш их баярлаж байна. Багш нартаа баярлалаа. Шигшээ багийн бүх хүний хөлс, хөдөлмөр. Дэвжээнд гарахаас өмнө тактикаа сайн боловсруулсан. Төвлөрч, багш дасгалжуулагчдынхаа захиасыг биелүүлж барилдсанаар хүрэл медаль хүртлээ. Багш О.Пүрэвбаатар маань ДАШТ-ээс яг энэ жинд медаль хүртэж байсан. Б.Номин маань бас багшийн жинд Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Багшийгаа баярлуулсандаа сэтгэл өндөр байна. Намайг анх чөлөөт бөхөд хөтөлсөн П.Чулуунбаатар багшдаа баярлалаа. Энд ирээд Г.Мандахнаран ахтай нэг өрөөнд орсон. Г.Мандахнаран ах их зүйл зааж, зөвлөсөн. Тэр бүхэн нь сэтгэлзүйн хувьд надад том нөлөө үзүүлсэн. Аавынхаа нэрийг бөмбөрцөгт дуурсгасандаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Харин түүний багш, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шавийнхаа барилдааны талаар “Сэтгэгдэл өндөр байна. Зорьсон зорилгынхоо нэгээхэн хэсэгт хүрлээ. Би шавь нараа өөрийнхөө амжилтад хүргэхийг, бүр цаашлаад миний амжилтыг эвдээсэй гэсэн хүсэл, зорилготой явдаг.  Энэ бол эхлэл. Т.Түвшинтулга маань дэлхийн медальтай, хүчтэй өрсөлдөгчдийг ялж, медаль хүртсэнд нь багшийн хувьд бахархаж байна. Б.Номин, Т.Түвшинтулга хоёр маань хоёул миний барилдаж, дэлхийн медаль хүртсэн жинд дэлхийн медальтан болсонд бүр ч их билэгшээж, сайхан санагдаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.184) 2018 оны 10 сарын 23

ene neg ukher mongolyn bichsen yumyg ee, burkhan mini , manay mongolchuud iim khogiin bolchikh geji , buun ataarkhal , ter durak mini chi khun mun uu?

0  |  0
Ter(49.0.218.19) 2018 оны 10 сарын 23

Ooska gej doping hereglesen onigoonii lagaa bsan buhuu hat huuhen shaah gej guigeed taarsan lagaa

0  |  0
Top