Уул уурхайн бодлогыг олон улсын хэмжээнд шинэчлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрцгөөв

2018 оны 10 сарын 23

“Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт  уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын 14 дэх удаагийн уулзалт Швейцарийн Женев хотноо  болсон юм. Тус уулзалтад  75 улс орны 500 төлөөлөгч оролцлоо. Манай улсаас  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцоод ирсэн юм.  Уулзалтын гол бодлого нь салбарт тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга замыг хөндөн ярилцаж, дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг танилцуулан, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.

14 дэх жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн уулзалтаас чухал үр дүн гарч эхэлснийг оролцогчид дүгнэжээ. Уул уурхайн бодлого, хууль эрхзүйн орчин, журам стандартыг олон улсын хэмжээнд шинэчлэх шаардлагатай болсныг төлөөлөгчид хүлээн зөвшөөрч буй аж. Дэлхийн эдийн засгийн хямрал, үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлөл, сошиал медиа, дижитал технологийн дэвшилтэй уялдаж, уул уурхайн бодлого, журам стандартыг шинэчлэх нь зүйтэй гэдэг саналыг төлөөлөгчид илэрхийлсэн байна. Мөн байгаль орчин болон нийгмийн эрсдлийн үнэлгээний шинэ арга хэрэгслүүд, хөрөнгө оруулагчдыг хариуцлагатай үйл ажиллагаагаар хангах санаачлага, жендэрийн асуудал зэргийг хөндсөн нь өмнөх уулзалтуудаас онцлог болж буйг дүгнэжээ. Тус уулзалтын албан ёсны гишүүнээр 68 орон элссэн байдаг бөгөөд манай улс 2006 онд санаачлагад нэгдсэн юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү уулзалт болон салбар хуралдаануудад оролцохдоо уул уурхайн хөгжлийн хандлага, төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломжийн талаар гадны төлөөлөгчидтэй санал солилцжээ. Мөн Женев хотноо байрладаг “Хариуцлагатай уул уурхайн сан”-гийн захирал, судалгааны багийн ахлагч нартай тусгайлан уулзаж, хариуцлагатай уул уурхайн эрсдлийн үнэлгээний аргачлалыг сайжруулах боломжийн талаар ярилцсан байна.“Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн охин компаниудын засаглал, менежментийг сайжруулах замаар төрд ноогдох татвар, ноогдол ашгийг нэмэгдүүлэх, орлогын менежмент, хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлэх үндсэн үүрэг, зорилготой. Энэ хүрээнд тус сангийн судалгааны багийн зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн стратеги менежментийг хөгжүүлэх, ирээдүйн төслийн хөрөнгө оруулалтыг оновчтой тодорхойлох, үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллах болж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад тус сан нь уул уурхайн компаниас санхүүждэггүй, хараат бус байгууллага бөгөөд уул уурхайн олон улсын топ 30 компани болон “Оюу толгой”-г багтаасан дэлхийн хэмжээний 50 төслийн үйл ажиллагааны нөлөөллийг үнэлж, хариуцлагатай уул уурхайн индексийг 2018 онд танилцуулж байжээ.

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top