ХХБ, Голомт, Хаан банкууд кастодианы тусгай зөвшөөрөл авчээ

2018 оны 10 сарын 24

Үнэт цаасны зах зээлийн  тухай хуульд “Суурь үнэт цаасыг үнэт цаасны хадгаламж (кастодиан)-ийн байгууллагад хадгалуулсны үндсэн дээр өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих зорилгоор гаргасан үнэт цаасыг “Хадгаламжийн бичиг” гэнэ" гэж тодорхойлсон байдаг.

Хадгаламжийн бичиг нь суурь үнэт цаасандаа чөлөөтэй хөрвөх шинж чанартай байх бөгөөд бусдад худалдахад түүнийг баталгаажуулсан суурь үнэт цаасны өмчлөх болон бусад эрх, үүрэг худалдан авагчид хамт шилждэг онцлогтой. Гэхдээ хадгаламжийн бичиг гаргагч нь уг хадгаламжийн бичгийн бенефициар өмчлөгчийн бүртгэлийг хөтлөх бөгөөд өөрөө бенефициар өмчлөгч байхыг хориглодог.

Үнэт цаасны зах зээлийн  тухай хуулийн 13 дугаар зүйлд хадгаламжийн бичигний харилцааг ерөнхийлөн тусгасан бөгөөд Монгол Улсын, гадаад улсын гэсэн хоёр үндсэн төрөлтэй байхаар зааж, төрөл тус бүрийг хуулийн 14, 15 дугаар зүйлүүдээр хуульчилсан. Эдгээр зүйлд зааснаар, гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасаар баталгаажуулж манай улсын хөрөнгийн зах зээл гаргасныг Монгол Улсын, харин манай улсын хөрөнгийн зах зээлд анх гаргасан үнэт цаасанд суурилан гадны зах зээлд гаргасныг гадаад улсын хадгаламжийн бичиг гэдэг. Хадгаламжийн бичигт тавигдах шаардлага, өгөгдөх нөхцөл, түүнийг гаргах, бүртгэх болон зөвшөөрөл олгох, зарлан мэдээлэх зэрэг нарийвчилсан харилцааг Санхүүгийн зохицуулах хороо журмаар зохицуулахаар хуульд заасан бөгөөд үүний дагаа Хороо 2014 оны 253 дугаар тогтоолоороо “Хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих журам”-ыг батлан мөрдүүлж байна.

Хадгаламжийн бичиг гаргахын давуу тал нь компанид үр дүнтэй, зардал багатай аргаар илүү өргөн хүрээний хөрөнгө оруулагчдыг татах боломж олгодогт байдаг. Өөрөөр хэлбэл гадны биржид хувьцаагаа давхар бүртгүүлэхэд шаардагдах ихээхэн цаг хугацаа, зардал зарцуулдаг ажлыг хөнгөвчилж өгдгөөрөө онцлогтой. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид өөр улсад бүртгэлтэй компанийн хувьцаагаар хөрөнгө оруулалтынхаа багцыг илүү хялбар байдлаар төрөлжүүлэх боломжтой болдог юм.Өнөөдрийн байдлаар ХХБ, Голомт болон Хаан банкууд хууль, журмын дагуу Хорооноос кастодианы тусгай зөвшөөрөл аваад байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top