ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Шүүмжтэй, Хуримтлалтай, Сэрэмжлүүлэгтэй 7 хоног

2018 оны 10 сарын 27

 Zindaa.mn мэдээллийн сайт эдийн засгийн салбарын анхаарал татсан үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Долоо хоногийн шинэ тойм танд хүрч байна.

 АСУУДАЛ үүсвэл АРГА ХЭМЖЭЭ авна


Манай арилжааны банкуудын ам.долларын төлбөр тооцоог дамжуулагч гол банкууд болох  Standard Chartered Bank Plc болон China Construction Bank Corporation  банкууд Монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдээд буй тухай асуудлыг манай сайт энэ долоо хоногт хөндсөн юм. Уг мэдээллийг Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс албан ёсоор боловсруулсан  “Ам.долларын клирингийн асуудлаарх бодлогын баримт бичиг”-т тусгасан байсныг тэмдэглэх хэрэгтэй. Олон улсын банкууд манайхаас харилцаагаа таслах нь гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэхээс гадна улсын төсвийн орлого бүрдүүлэлт хийгээд эдийн засагт чухал нөлөөтэй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Манай улс АНУ-д ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэх дансгүй болсноор ам.доллараар хийгдэж буй гүйлгээ бүгд өөр валютаар хийгдэх эрсдэл үүсээд байгаа тухай ч мөн судлаачид ярьж буй. Тиймээс Standard Chartered Bank Plc, болон China Construction Bank Corporation  банкуудтай холбоотой уг асуудлыг Монголбанкнаас тодруулахад  “Одоогоор Монголбанкинд тийм мэдээлэл ирээгүй байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй байна. Данс хаах асуудал үүслээ гэхэд банкуудын талд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

ЖДҮ-д хамаатай МӨНГӨ


Хөгжлийн банкны удирдлагууд  2018 онд хийсэн онцлох ажлаа энэ долоо хоногт тайлагнах үеэрээ 500 сая ам.долларын БОНД-ын санхүүжилт орж ирснийг дуулгасан юм. Засгийн газрын баталгаагүй, гадаад зах зээлээс босгосон энэ мөнгөний 380 сая ам.доллар нь өмнөх өр ширийг дарахад зарцуулагдах бол 120 сая ам.доллар нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, тэрдундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл хэлбэрээр очино гэсэн. Таван жилийн дараа гэхэд үйлдвэрлэл эрхлэгчид энэ мөнгөний эргэн төлөлтийг гаргаад өгчих хэмжээний чадамжтай болчихно гэж Хөгжлийн банкны удирдлагууд итгэж байгаа. Зээл тавьж олж ирсэн мөнгөний 120 сая ам.доллар нь үйлдвэрлэлийг дэмжих зээлээр гадагшлах тухай мэдээлэлтэй зэрэгцэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэрбум тэрбумын зээлийг улстөрчид, сайд, дарга нараас хамааралтай компаниуд авсан талаарх мэдээллүүд цацагдсаныг дурдах хэрэгтэй.

Бүгдээрээ ХУРИМТЛУУЛЪЯ

Дэлхийн Хуримтлалын Өдрийг угтсан аян энэ долоо хоногийн даваа гарагт /2018.10.22/ эхэлсэн юм.  Арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх Хуримтлалын аяны хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулагдана. Манай улсын тухайд Монголын банкны холбоо 2012 оноос Хуримтлалын өдрийг нутагшуулах чиглэлээр арилжааны банкуудтай хамтран арга хэмжээ зохион байгуулж байсан. Төв банкны 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүрийн  аравдугаар сарын 30-ныг Үндэсний хуримтлалын өдөр болгон тэмдэглэх болжээ.


Дашрамд өгүүлэхэд, дэлхийн эдийн засгийн салхи шуурга болоод гол түнш Хятад орны бодлого сэлттэй холбоотойгоор шургаж уначихаад байхгүй хэмжээний дотоод нөөц бололцоотой, дархлаатай байя л гэвэл манай улс  гадаад валютын нөөцөөр боломжийн,  ард иргэдийн хувьд хурааж хумьсан юмтай, банкинд хадгалуулсан хэдэн төгрөгтэй,  компаниудын тухайд мөн л өөрийн боломжийн хөрөнгөтэй, хуримтлуулсан ашигтай л байх ёстой. Эдгээр нь цогц утгаараа Үндэсний хуримтлалыг бүрдүүлнэ гэдгийг эдийн засагчид хэлдэг юм.

Төр засгийн түвшинд ч хурааж, хадгалах тухай асуудал яригдаж байна. Ирээдүйн өв санд эхний ээлжинд  хагас их наяд төгрөг хадгална гэдгээ Сангийн сайд мэдэгдээд байгаа билээ.

Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэртэй болно


Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг энэ долоо хоногт засгийн хуралдаанаар баталсныг онцолж харах нь зүйтэй. Стратегийн чухал ач холбогдолтой энэ салбарт бодлого бий эсэхэд эргэлзэж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт  хэлээд авсан. Тэгвэл энэ долоо хоногт 2018-2021 он хүртэл хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг харахад хэтэрхий урсгалаараа явж байсан нь харагдаж байгаа. Эрчим хүчний технологийн онцлогтой нь тохируулахгүй, найдвартай үйл ажиллагааг нь бодолцохгүй шийдсэн зүйлүүд их байна. Энэ бүхнийг цэгцлэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр баталж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина. Тухайлбал, ДЦС-III дээр хоёр ажлыг эхлүүлж, 250 МВт-аар өргөтгөж, 75 МВт-аар хүчин чадлыг нэмнэ. ТЭЦ-IV-ийн 1-4 генераторын шинэчлэл хийж хүчин чадлыг 92 МВт-аар нэмэгдүүлнэ. Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Тэгвэл жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно. Энэ станцууд баригдсанаар манай улс 2021 он хүртэлх хэрэглээний өсөлтийг хаана. Энэ станцуудын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400-500 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Энэ жил 300 кВ-ын шугамыг Улаанбаатар Мандалговь хоёрын хооронд барьж байна. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. 400-500 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлбэл Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно. Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ” гэж ярьсан. Мөн тэрбээр эрчим хүчний салбарын аюулгүй байдлын асуудлыг хөндсөн юм.

Төсвийн ОРЛОГО-ын тооцооллыг шүүмжлэв


Энэ долоо хоногийн пүрэв гарагт /2018.10.25/ “Нээлттэй нийгэм форум”-д 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт тойрсон сэдвээр уулзалт болсон. Хөндлөнгийн судалгаа хийсэн СЭЗИС-ийн багш, судлаачид ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлчихөж гэж дүгнэсэн. Энэ 2018 онд төсвийн орлогыг 7.2 тэрбум төгрөг байна гэж жилийн л өмнө тооцож байсан нөхдүүд ирэх онд 9 их наяд 676.5 тэрбум төгрөгийг яаж ч байсан олно гэж тооцоод буйд судлаачид шүүмжтэй хандаж байгаа юм. Эдийн засаг төрөлжилтгүй, тэр хэрээр дархлаа муутай, шок сөрөх чадавх сул хэрнээ орлогоо томоор харсан нь,  сонгуулийн өмнөх жилийн төсвийг улстөржүүлж буй хэлбэр гэж харах талууд байна. Харин төсөл боловсруулсан Сангийн яамны зүгээс бол боломжийн төсөл орж ирсэн гэсэн байр сууриа хамгаалж байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (212.95.8.164) 2018 оны 10 сарын 30

Хүчэн чадлаа нэмэгдүүлж. Хамгийн чухал хэсэг. Шинчлэл хийвэл гаднаас авдаг цахилгаан хүртэл багсаж. Валютыг урсгал нь жоохон ч гэсэн хөнгөрөх байх даа.

0  |  0
Зочин (212.95.8.164) 2018 оны 10 сарын 30

Хүчэн чадлаа нэмэгдүүлж. Хамгийн чухал хэсэг. Шинчлэл хийвэл гаднаас авдаг цахилгаан хүртэл багсаж. Валютыг урсгал нь жоохон ч гэсэн хөнгөрөх байх даа.

0  |  0
Top