Ц.Байгалмаа: Инженерийн боловсролд санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай

2018 оны 10 сарын 31

Японы Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжиж хоёр сая ам.долларын мэргэжлийн лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн байранд аравдугаар сарын 23-нд болов.

Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Масато Такаока, ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон Монгол дахь гурван Коосэн технологийн коллежийн багш, оюутнууд оролцлоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Масото Такаока “Японд Коосэн сургууль төгсөгч монгол залуус болон Япон дахь Коосэнгийн холбогдох хүмүүсийн хүчин чармайлтаар томоохон амжилтад хүрч, Монголд Коосэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. ШУТИС-ийн Коосэн сургуульд 2016 оноос эхлэн төрөл бүрийн цахилгааны тоног төхөөрөмжийг гардуулсан. Харин өнөөдөр гардуулан өгсөн барилга болон механикийн тоног төхөөрөмжүүдийг Монголд байгаа гурван Коосэн сургуульд ашиглах юм. Өнөөг хүртэлх хугацаанд чин сэтгэл, хүчин чармайлт гарган ажилласан холбогдох албаны хүмүүс болон Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагаанд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.

Тус төслийн бус буцалтгүй тусламж нь 2014 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүүлийн ээлжийн барилга, механикийн лабораторийн тоног төхөөрөмжүүд гардуулж буй нь энэ аж. Тус төхөөрөмжүүдийг өнгөрсөн есдүгээр сард иж бүрэн суурилуулж, мэргэжлийн багш нарт нь төхөөрөмжүүдийн ажиллагааны талаар үе шаттайгаар сургалт зохион байгуулжээ.

Японы үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Инженерийн боловсролд маш их санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай байдаг. Оюутнуудад бодит дадлага туршлага, мэдлэг олгоход лаборатори зайлшгүй хэрэгтэй байсан. Уг тусламжийг ШУТИС-ийн Коосэн коллежийг анх үүсгэн байгуулж, санаачилсан захирал агсан А.Ганбаяр хичээнгүйлэн хөөцөлдөж, бодит ажил болгосноор өнөөдөр бид энэхүү лабораторийг хүлээн авч байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд орчин үеийнх төдийгүй, ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд ашиглаж болохуйц төхөөрөмжүүд юм. Үүнээс гадна компьютер, цахилгаан электроник талаасаа ч орчин үеийн технологитой өндөр түвшний лабораторийн төхөөрөмжүүд орж ирсэнд баяртай байна” гэв.

Мөн тэрбээр “Бид нийслэл хотоо өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Үүнийг хийх хүмүүс нь үндэсний мэргэжилтнүүд, инженерүүд юм. Тийм учраас боловсон хүчнийг эртнээс чадавхжуулж бэлдэх хэрэгтэй. Энэ шаардлагыг япончууд эртнээс мэдэж, мэдэрч байжээ. Сүүлийн үед хүн рүү ялангуяа боловсрол, жижиг дунд үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогыг баримталж байгаа нь илүү бодитой, үр өгөөжтэй тусламж үзүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотой болов уу. Энэ лаборатори нь “Монгол дахь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж” гэсэн нэртэй байгаа. Тэр утгаараа энэ тусламж бол Монгол, Японы харилцаанд дээд боловсролын салбарт анх удаа төслийн бус буцалтгүй тусламж орж ирж байгаагаараа онцлогтой” гэдгийг хэллээ.

Монгол дахь Коосэн технологийн гурван коллежийн анхны төгсөгчид ирэх оны хавар төгсөх бөгөөд одооноос эхлэн дипломын ажлаа ямар нэгэн тоног төхөөрөмжийн дутагдалгүйгээр хийх бололцоо үүгээр бүрдсэн байна.

Ийнхүү Япон Улсаас үе шаттайгаар Монгол дахь коосэн технологийн гурван коллежийг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар өндөр түвшний шинжлэх ухаанч, бүтээлч инженерүүд бий болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хоёр талын төлөөлөгчид онцолж байв. Анхны төгсөлтөө хийхээс урьтаж оюутнуудыг нь Монгол, Японы талаас аль хэдийнэ ажлын байранд урьсныг ч энэ үеэр дурдсан юм.

 Б.БАТ

 Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top