“ Найрамдал ” эмнэлгийн зөвлөх эмч , анагаах ухааны доктор , профессор Б.Намтайтай ядаргаа өвчний талаар ярилцлаа.
ЯДАРГАА ГЭЖ ЮУ ВЭ?
Ядаргаа гэдэг том асуудал. Анагаах ухаан дээхнэ үед үүнийг өвчний тоонд оруулж үздэггүй байсан юм билээ. Гэхдээ ядаргааны талын юм бий. 1987 оноос өмнө дэлхий дахинд ядаргааны асуудлыг ДЭМБ-аас уриалж, судлах хэрэгтэй юм байна, энэ өвчин юм уу, биологийн үзэгдэл үү гэсэн асуудал дэвшүүлсэн. Ингээд 1987 онд АНУ-д дэлхийн 800 гаруй эмч, эрдэмтэд чуулсан том хурал болсон. Тэнд ядаргаа бол нэг талаас билогийн үзэгдэл, нөгөө талаас ядаргааны хам шинжит өвчин юм байна гэдгийг анх удаа тунхагласан.1987 оноос хойш ядаргаа болон ядаргааны хам шинжит өвчин гэх нэршил гарсан. Ядаргааг бид 20-оод жил судаллаа. Ядаргаа гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Нянтай байгаа юм уу, вирустэй байна уу гэдэгт тодорхойлолт хэлэх ёстой.
Ядаргаа гэдэг нь бие махбодын биеийн тамир, хүч, эрчим энерги сульдах, буурах, доголдохыг хэлдэг юм байна. Монголчууд хэлдэг, тамирдаад байна, ядраад байна, сульдаад байна гэж. Тэгэхээр үүнийг хөдөлгөдөг нэг хүч цаана байна аа даа, унтраалга дарчихад гэрэл унтардаг, дахиад дарахад нэг хүч ирээд гэрэлтүүлж байна, ер нь тэгээд үзэгдэхгүй, харагдахгүй, хэмжигдэхгүй нэгэн хүч байна. Энэ хүчний сэргээлт нь муудсан уу, зарцуулалт нь ихэдсэн үү. Эсвэл задгай мөнгө шиг урсгаад байна уу, энэ л асуудал юм. Ядаргаа бол энерги юм.
Бид иргэдэд ядаргааны талын өвчин, бусад зүйлийг ойлгуулахын тулд хүний биеийн бүтцийг мөн цоо шинээр томъёолох гэж оролдсон юм. Манай зарим найз анагаах ухааны хажуугаар биеийн бүтэц тодорхойлоод байх юм гэж загнадаг, тэр нь бас зөв.Загнуулах хэрэгтэй. Гэхдээ би гандан буурахгүй, тийм ээ л гэдэг. Биеийн бүтцийг бид бүгд мэднэ, эс, эд, эрхтэн систем. Бид юу гэж томъёолсон бэ гэхээр хүний бие гэдэг нэгт, бодис юм байна. Хоёрт, сэтгэл, гуравт энерги юм байна. Сэтгэл гэдгийг хүний биеэс авчихвал юу болох вэ, мах ясан овоо шиг л юм болдог. Тамир, хүч гэж тэрхүү хөдөлгөж буй хүчийг нь аваад хаячихвал юу болох вэ. Тэнд гулдайтал хэвтэхээс цааш юмгүй. Тиймээс энерги гэдэг зүйл маш чухал, био энерги гэж хэлнэ шүү дээ, үүнийг. Энэ энергийн доголдлыг бид ядаргаа гэж ойлгож болно.
ЯДАРГААГ ЯАЖ ТАНИХ ВЭ?
Уурламтгай болж байна уу, бухимдмаар болж байна уу. Мартамхай болж байна уу. Энд амьдралын янз бүрийн асуудал байж болно, тэднийг хасаад үзэхэд юу болохыг хар. Хүн цэнэг нь багадсан байвал уурлахгүй яах вэ, энерги нь багасвал бухимдахгүй яах вэ. Тэр чинь амьдруулах, цоглог байх энерги доголдож байна гэсэн үг.
Хоёрт, харшил, ханиад хаагуур явж байна гэж даллан дуудаад авахтай адил юм болно. Ядаргаатай хүний дархлаа унана. Тэгэхээрээ тэр өвчнийг авчих нь байна. Тэгээд хамар амыг чинь загатнуулаад амраахгүй. Гуравт, хөлрөмтгий, даарамтгай болно. Нас явж байгаа хүмүүс даарч хөрдөг болно, хөнжлөө нөмөрсөн ч нэмэргүй болно. Нойр хөнгөн болно. Тэрнээс гадна нойр чанаргүй болно. Унтаж байгаа нойр нэг л чанаргүй , өглөө босоход нэг л сулбагар. Ажлын эрч хүч буурчихсан байна. Ер нь бол хөдлөх дургүй болчихсон байна. Залхуу биш шүү дээ, тэрийг өөрөөр ангилах хэрэгтэй. Тэрний гадна хөдлөх дургүй, үнэхээр дургүй , цаанаасаа хөдөлж чадахгүй болж байна. Цэнэг муудаж байна гэж ойлгох хэрэгтэй. Биологийн зарим үйл ажиллагаа доголдоно . Хүнд янз бүрийн юм, дуулах, шүлэг бичих гээд байна.Тэр бүхэн буурахаас гадна ой тогтоолт буурна. Эр, эм хүмүүсийн янз бүрийн үйл ажиллагаа буурна. Зарим нь жирэмслэхгүй болно. Дээр хэлсэн үзэгдлүүд ойрхон давтагдаад байвал зургаа ангилсан дотроос дөрөв нь буюу 60-70 хувийн ядаргаа байж болох юм.
ЯДАРГААГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Би ойр зуурын ном бичсэн. Түүндээ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг хураангуйлж хүмүүст ойлгуулах гээд байгаа юм. Тэнгэрийн агаараар амьсгалан газрын шимийг хүртэж тэнцүүлэн ажиллах нь ядаргаагүй эрүүл амьдрахын үндэс болюу. Тэнгэрийн агаар гэхээр зарим хүн ойлгохгүй байж магадгүй. Гэтэл агаарт хэд хэдэн зүйл байдаг. Цэнгэг агаар, цэвэр агаар, чийглэг агаар, тунгалаг агаар гэсэн дөрвөн төрлийн агаар амь нас, биологийн эрч хүч, нөгөө саяын хэлсэн цэнэгийг өгдөг юм байна. Улаанбаатараас таван км гарахад л монгол орны агаар сайхан шүү дээ.
Тэнгэрийн агаартайгаа залгана. Бидний өвгөд дээдэс бурхан тэнгэрээ шүтдэгтэй энэ бүхэн нарийн шижмээр холбоотой санагддаг. Хортой агаар гэхээр халуун агаар, бохир агаар, хүнд агаар гэх мэт эрүүл мэндийг сордог агаар байна. Газрын шим гэхээр бид газар шороон дээрээ л амьдарч байна. Газрын шим гэхээр таван тарианы үр байна. Таван хошуу малын шим байх нь.Тэгээд ургамал, ногоо, жимс юу байна энэ бүхэн газраа түшиж амьдардаг. Тиймээс газрын шим байдаг байна. Сэтгэлийн амгалан гэхээр юу байх вэ, сэтгэл давчдаад, уурлаад байвал юу болох билээ.
Тэр бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Нөгөө талаас бясалгал хийх, эерэг дулаан, халуун сэтгэлтэй байх, хэрэгтэй, хэрэггүй юманд бухимдаж зовохгүй байх шиг сайхан юм алга. Эцсийн дүндээ сэтгэлийн алтан дундыг барих болоод , амгалан чанар руу анхаарна. Тэнцүүлнэ гэдэгт туйлширч бас болохгүй. Жолооч тийшээ ч мушгиад, ийшээ ч мушгиад байвал хэцүү болно, тэгэхээр чигээ бариад явах ёстой. Яг л түүнтэй адил юм, эрүүл аж төрөх гэдэг. Тэгээд арга билэг гэдэг шиг алтан дунджийг барина. Жинлүүр шиг дунджийг барина гэсэн үг.
ЯДАРГААГ ЦАЙГААР АНАГААХУЙ
Бид хүмүүсийг зөв аж төрөх хэрэгтэй, буруу хооллож болохгүй гээд ярьдаг. Эмч нар үүнийг л хэлдэг. Тэгэхээр яаж зөв хооллох юм бэ. Хоёрт, өвгөд дээдсийн оюун санааны өв гэж зүйлээс суралцах хэрэгтэй.
Тухайлбал, ядаргааны цай гэж байна. Энэ бол Их Юань гүрний хааны ордны эмч Хөсгүй гэж хүний гаргасан жор байна. Түүний гаргасан “Их Хубилай хааны идээ, ундааны түүхэн товчоон” гэж ном байдаг. яаж эрүүл аж төрөх вэ, яаж хүн өвчин зовлонгүй явах вэ гэдгийг хааны ордны эмч нар гайхалтай судалж, 1330 онд дээрх номыг бичсэн байдаг. Энэ дотор 16 нэр төрлийн цай байна.Түүний нэг нь Фүүр цай, хоёрт Лан цай гэж байна. Бидний өвгөд дээдэс ууж хэрэглэж байсан дээр үеийн тэр цайнуудаас эх авч, санаа аваад, улмаар Тэнгэр тэтгэгч хааны эрүүл амьдарсан нууц гэж бий, түүнийг судалж, Чин гүрний, Мин гүрний хааны ордонд хэрхэн хэрэглэж байсныг судалж, орчин цагийн хүмүүст ямар жороор яаж уулгавал зохистой вэ гэдэг талаас бид тодорхой хэмжээгээр боловсруулж тэр цайг гаргасан юм. Хүмүүс заавал эмийн сан орж, 40 мянган төгрөгийн үнэтэй амин дэм хийлгэ хэцүү, заримдаа өөрөө хийж уух хэрэгтэй.
Ядаргааг анагаахад эмчилгээний алтан фүүр цай 30 хувьтай байх юм байна. Ядаргааны улаан цай 70 хувьтай байх хэрэгтэй. Дээр нь болсон будаа буюу чангаамал орох ёстой. Мөн хоног будаа буюу жижиг шар будаа орно. Жижиг шар будааг номд нойронд сайн, ходоод, дэлүүнд сайн гэж бичсэн байдаг. Болсон будааг хий дарна гэсэн байдаг. Тэгэхээр цайгаа идээшүүлж, улаан хүрэн болгоод сүү, өрөм, тосоо хийж уух нь ядаргааг тайлахад нэлээн ач холбогдолтой.
Ядаргааг тайлах хоёр дахь арга нь хаадын жор, ядаргаа тайлах шөл. Энэ маш амархан. Таван үндсэн найрлагатай. Уламжлалт анагаах ухааны жор дотор ядаргаа тайлах тамиржуулах жорд ланин, нишин, фосфор, магни, хунчир байна. Магни, хунчир хоёр орчин үед ядаргаа тайлах , дархлаа дэмжихэд ихээхэн ач холбогдолтой. Тиймээс ядаргааны шөлөнд энэ хоёрыг оруулдаг. Хар шөлөнд хийгээд, шар будаатай чанаж идвэл сайн. Бөөрөнд сайн , дэлүүнд сайн, ходоодонд сайн. Хятад анагаах ухаанд төрснөөс хойш биеийг “хожмын бие” гэдэг.
Энэ биед ходоод, дэлүүг анхаар гэдэг. Төрөхөөс өмнөх биед бөөрийг анхаар гэдэг. Хунчир бол монгол орных хамгийн чанартай. Хамгийн чанартай хунчин ар, өвөрмонголд ургадаг. Бараг хүн орхоодойг орлодог. Хятад анагаах ухаанд дөрвөн үндсэн ядаргаа байна гэж үздэг. Нэгт, хийн ядаргаа, хоёрт цусан тамирын ядаргаа, гуравт агийн ядаргаа, дөрөвт билгийн ядаргаа. Тэгэхээр ядаргаа тайлах шөл нь үндсэн дөрвөн ядаргаанд тустай. Тэгэхээр хүмүүс хааяа ч гэсэн ууж байх нь хэрэгтэй юм.
Найрамдал эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд Ясны сийрэгжилт, Үе мөчний шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )