Б.Ганхуяг: Бэлчээрээ хайхрахгүй бол нүүдлийн мал аж ахуй "доголон" болно

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 01 сарын 07

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуд турхан, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойр ойрхон нэмэгдэж буй нь мал аж ахуй зонхилон эрхэлдэг орны нийгэм, эдийн засагт хүнд тусах нь ойлгомжтой. Харин малчид байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулж ажилласнаар байгалийн гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулдаг байна. Ингэхэд байгалийн нөөцийн хамтын менежмент гэж юу юм бол. Үүнийг хэрэгжүүлснээр  ямар давуу тал, ач холбогдолтой вэ. Энэ талаар “Дэ Нэйче Консерванси” /TNC/ байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрын Нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтэн Б.Ганхуягтай ярилцлаа.


-Та эхлээд өөрийгөө манай “Өглөөний сонин”-ы уншигчдад товчхон танилцуулахгүй юу. Хэзээнээс байгаль хамгаалах салбарт ажиллаж эхлэв?

-Би нутгийнхаа иргэдтэй хамтран байгаль хамгаалах чиглэлээр сүүлийн 26 жил идэвхтэй ажиллаж байна. Хэнтий аймгийн Дадал сумандаа ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн нутгийн иргэдийг чадавхжуулан хөгжүүлэхэд анхаарал тавьдаг байлаа. Дараа нь хүсэл сонирхолынхоо дагуу байгаль хамгаалах чиглэлээр энэ салбарт орж ажилласан. Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, НҮБХХ, Дэлхийн байгаль хамгаалах санд энэ чиглэлээрээ ажиллахдаа нутгийн иргэдэд байгаль хамгааллын хууль, эрх зүйг таниулахаас эхлээд малчдад тогтвортой амжиргааны арга замуудыг нээж өгөхийг хичээж ирсэн дээ. Сүүлийн найм, есөн жил “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгаль хамгааллын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт Нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд малчидтайгаа хамтран байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд болох, эрхээ баталгаажуулахад нь зөвлөмж дэмжлэг өгч ажилладаг. Мөн аав ээжээс өвлөгдөж үлдсэн цөөн тооны үхэр сүрэг, өвөлжөө хаваржаагаа харж хандаж байдаг. Тиймээс би өөрөө бас малчин хүн. 

-Малчид өнтэй өвөлжих нь бэлчээр нутгийн байдал, өвс, тэжээлээ сайтар базаах, малынхаа хашаа хороог дулаан байлгах, малаа тэжээж сурах гээд бэлтгэл сайтай байх шаардлагатай болж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйгаа өвлүүлэн авч явахад та бүхний хүсэл, зорилго ер нь хаашаа чиглэж байна вэ?

-Мал сүрэг хувийн өмч, малчдын мэдэлд байна. Харин бэлчээр бол өөр. Хэн хариуцах нь тодорхойгүй явж ирлээ. Малчид маань ганц ганцаараа мал сүрэгээ бэлчээрийн даацдаа тааруулж тохируулах гэхээр боломжгүй байгаад байна. Харин манай байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл ажиллуулахтай холбоотой хуулийн заалтууд орж ирсэн. Энэ заалтыг танилцуулаад явахад манай малчид айл саахалтаараа, ус нутгаараа хамтарсан нөхөрлөл болчихож байгаа юм. Өдгөө таван аймгийн 28 суманд 5600 гаруй малчин өрх хамтарсан байгалийн нөөцийн хамтын менежментийн 281 нөхөрлөл байгуулаад явж байна. Ингэснээрээ малаа бэлчээдэг, амьдран суугаа нутаг бэлчээрээ тогтвортой ашиглах, хайрлан хамгаалах зорилгоор эзэмшиж авч болдог болсон юм.

-Нөгөө байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг маань товчхондоо энэ байх нь. Малчид ингэж нөхөрлөж хоршсоноор ямар давуу тал, ач холбогдолтой вэ?

-Нутгийн иргэд бэлчээр ихээр доройтуулах отор нүүдэл, үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан хадахыг хязгаарлах эрх мэдэлтэй болж байна. Үүнийг хийснээрээ мал сүргээ бэлчээрийн даацдаа тааруулж, тогтвортой мал аж ахуй эрхлэх эрх мэдэл нь нэмэгдэж, малчид ч маш таатай хүлээж авч байгаа. Нөгөөтэйгүүр, уур амьсгалын өөрчлөлтийг малчид сайн мэддэг ч айл бүр амин хувиа бодсон өрхийн аж ахуйтан байгаа үед дасан зохицох, арга хэмжээ авах нөхцөл, бүтэц, зохион байгуулалт нь болж өгөхгүй, огтоосоо таарч тохирохгүй байсан. Харин байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг ойлгон хүлээн авч, амьдрал ахуйдаа ашиглаж эхэлснээр нэгдэж хамтраад өвлийн бэлтгэлээ сайн хангах, цаашлаад бэлчээрээ сайжруулах замаар уур амьсгалын нөлөөг ч сааруулах боломжтойг мэдэж авч байна.

-Усны тунгалаг, уулын дагшныг хамгаалах нь бидний өвөг дээдсийн өнө мөнхийн уламжлал. Энэ нь орчин үед биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, бэлчээрийн доройтолтой тэмцэх зэрэг ойлголтуудтай нийцэж байна. Орчин үед мал аж ахуй, байгаль хамгааллын салбар хэрхэн хоршиж ажиллаж болохоор байна вэ?

-Монгол Улс маань өргөн уудам нутагтай, байгалийг хамгаалах ажлын гол хэсэг бол бэлчээр нутгаа хамгаалах. Бэлчээр нутгийг зохистой байлгана гэдэг бол малчин ард түмний хийх ажил. Тийм учраас малчин ард түмнээ чадавхжуулж хөгжүүлнэ гэдэг бол байгалиа хамгаалах нэг том ажил болж байгаа юм. Нүүдлийн мал аж ахуйн олон мянган жил оршиж ирсний нууц бол хоёр тулгууртай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл мал сүрэг, бэлчээр хоёроо яг ижилхэн эрхэмлэн хайрладаг байсан явдал юм. Цаашид ч мөн тогтвортой байлгах гол ойлголт бол мал сүрэг, бэлчээр хоёрыг тэнцвэртэй байлгах. Малчид маань өөрийн өмч гэдэг утгаар зөвхөн мал сүргээ л эрхэмлээд, бэлчээрээ хайхрахгүй бол нүүдлийн мал аж ахуй маань өрөөсөн хөлтэй, доголон болно. Ингэснээр олон мянган жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуйн уламжлал, соёл устахад хүрнэ. Иймээс л нөхөрлөл болсон малчид ахуй амьдралаараа байгаль хамгаалалд оролцож, газар нутгаа хуулийн дагуу хариуцаж авдаг юм. Өөрөөр хэлбэл, тухайн газар нутаг дээр  болж буй хууль бус, байгальд зохисгүй үйлдлүүдэд хяналт тавих, асууж, шалгах эрхтэй болсон гэсэн үг. Ингэснээр өөрсдийн бэлчээр газар нутаг дээрээ хууль зөрчсөн аливаа бүх үйлдлээс хамгаалах үүрэг хүлээдэг. Өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө газар нутаг, бэлчээрээ харамлах, хайрлан хамгаалах эрхтэй болсон гэсэн үг.

-Танай байгууллага малчдад ямар мэдлэг, зөвлөмж түгээж ажилладаг вэ. Байгаль хамгаалахад үйлсэд оролцох хүсэлтэй хүнд тусгай мэдлэг, чадамж шаардлагатай байдаг уу?

-TNC байгууллага нь малчдыг шийдвэр гаргах үйл явцын тэргүүн эгнээнд тавьдаг хамтын удирдлагын загварыг анхлан нэвтрүүлсэн. Хамтын хүчин чармайлтаар малчид амжиргаагаа хадгалж, өөрсдийн хариуцсан бэлчээр газраа үр дүнтэй удирдахад шаардлагатай мэдлэг, нөөц, дэмжлэгээр хангадаг. Мөн манай байгууллагаас аймаг, орон нутаг бүрийн экосистемийн онцлог, бүс нутгийн байгалийн тогтоц, зохилдлого, ховор амьтад, ургамлын талаарх мэдлэг, мэдээллийг өгч ажилладаг. Ер нь байгаль орчны талаарх суурь мэдлэг бол бүхий л хүнд хэрэгтэй юм билээ. Малчид маань хууль, эрх зүйн мэдлэг олж авахаас гадна байгаль орчныхоо талаар мэдэж авдаг.

-Малчид нөхөрлөл болсноор байгалийн нөөц ашиглалт хамгаалалтын ямар сайн туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байна вэ?

-Малчид маань нөхөрлөл байхгүй үед яг амь амиа, хувь хувиа бодож ганц л юманд анхаарч байсан. Бэлчээрийн талаар санаа зовдог байсан ч ганц ганцаараа юу ч хийж чадахгүй, ямар ч эрх мэдэлгүй, бусдын шийдвэрийг хүлээсээр ирсэн. Нөхөрлөл бий болонгуут бүх юм малчдын мэдэлд, өөрсдийнх нь үүрэг хариуцлага дээр ирж байна. Нөхөрлөлийн ажлын хүрээнд байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөтэй болохыг хуулиар үүрэг болгосон. Ингээд ирэхээр малчдаас өөрсдөөс нь санаачилгууд гарч ирж, түүн дээрээ нэгдэж эхэлж байгаа юм. Эхний жилдээ өвлийн өвс тэжээлийн бэлтгэлээ хамтарч хийж байсан бол өнгөрсөн жилийн туршлагаас улбаалаад айлууд өвөлжөө хаваржаагаа, хуурай аргал хэвтэр бууцаа бэлдэх ажил дээр бас хамтарч ажиллаж байх жишээний. Үүнээс гадна малын тоо толгойг бууруулах, малаа чанаржуулах талаар энэ хамтын ажиллагаа бас их хөшүүрэг болж өгч байгаа юм. Хэдүүлээ бүгдээрээ адилхан малаа яг тэдэн хувиар цөөлье гэдэг дээр бол олуулаа ярихад нэгдсэн шийдвэрт хүрч чаддаг болж байна даа. Өнгөрсөн жилийн нэг нааштай зүйл бол манай төсөл ажиллаж байгаа зарим суманд бидний өгсөн чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэн намар нь нэлээн их мал борлуулсан байна билээ. Энэ нь малаа зохистой харьцаанд байлгаж, зудыг хохирол багатай, ачаалал багатай давах гол нөхцөл болсон. Нөхөрлөлийн гишүүд нэгнийхээ сайн санаачилгыг дэмжих магадлал маш өндөр, аливааг хамтаараа шийдэх нөхцөл бүрдэж байгаа нь харагдсан.

-Байгалийн нөөцийн хамтын менежментийн сайн туршлагыг сонирхож буй бусад малчид танай санаачилгад хэрхэн нэгдэж, оролцох вэ?

-Өнгөрсөн зуунаас одоо хүртэл манай уламжлалт нүүдлийн соёлыг үл ойшоосон,  тогтсон уламжлалаас нь хөндийрүүлсэн янз бүрийн ойлголт, яриа зан байдал одоог хүртэл үргэлжлэн, хэвээр байсаар байна. Энэ нь ном сурахгүй хүмүүсийг мал дээр гаргадаг, малыг хэн ч маллаж чадна, мал маллахад боловсрол хэрэггүй, мал дээр гарахад сургуульд сурах шаардлагагүй гэх мэт яриа, буруу хандлага, зан байдал юм. Энэхүү өрөөсгөл хандлага нь манай дэлхийд гайхалтай нүүдлийн мал ах ахуйг доголон болгож байгаа нэг шалтгаан мөн. Харин одоо бол малчид өөрсдийн мал сүргээ ч, бэлчээрээ ч хамтад нь эзэмшиж, эрхэмлэж, хамгаалж авч явах эрх зүй, бүтэц тогтолцоо бүрэлдэж байна. Энэ байдал малчдыг мэдлэг чадвартай байхыг зайлшгүй шаардаж байна. Тийм учраас нөхөрлөл болсон малчид бусад бүх салбарын хүмүүстэй адил эрх мэдэлтэй, хэнээс ч хараат бус өөрсдөө бие дааж өөртөө хэрэгтэй шийдвэрээ гаргаж чаддаг болж байна. Энэ талаар илүү ихийг мэдэж, дэлгэрэнгүй танилцмаар байвал манай “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд” хуудсыг дагаж мэдээлэл авахад эхний алхам болно. Мөн манай байгууллагад хандаж болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top