Туулын хурдны замыг ХОЁР ЖИЛИЙН хугацаанд ашиглалтад оруулна

2025 оны 01 сарын 07

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулжээ.

Шуурхай штаб өчигдөр хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар энэ онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд хоёр жилд багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана” гэж мэдэгдлээ.

Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байгаа аж. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.21) 2025 оны 01 сарын 07

Ажлыг хэлсэн хугацаандаа дуусгаж сурмаар бна газар чөлөөлөлтөөс эртхэн эхэлж бгаач энэ дээ маш их хугацаа ордогыг мэдсэн л баймаар юм

0  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 01 сарын 07

Содон хорооллоос гэмтлийн эмнэлэг хүртэлх 4хүрэхгүй км замыг 3жил бариад дуусаагүй байгаашд 2жилд хийж дуусна гэж итгэлгүй бноо 33км гээ биздээ хойшлогдлоо л гэж сунжраад сурчихсан

0  |  0
Сэргэлэн(122.201.23.219) 2025 оны 01 сарын 07

Яармагийн шинэ гүүрийг 1-р хорооллын аль нэгэн хэсэгт холбох замаа хурдан барих хэрэгтэй байна. Урд талаасаа сайхан өргөн замаар давхиж ирээд ТЭЦ-4 ийн баруун зам дээр ирээд түгжрээд байна.

1  |  0
Top