ОУВС-ийн Захирлуудын зөвлөл 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

2018 оны 11 сарын 01

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.

Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдлоо.

Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.

ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  Монгол Улсын эдийн засаг сайжирсаар байна.

Түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засаг эрчимтэйгээр өсч, 2018 оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн тоон зорилтууд, төсвийн зорилтуудыг биелүүлээд байна.

Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, бүтцийн шинэчлэлийн хүрээнд мөн тодорхой дэвшлүүдийг гаргасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам, Олон Улсын Валютын сан


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top