2019 оны Улсын төсөв болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ хийж байна. Ирэх оны төсвийн тухай хуулийг өнөөдөр эцэслэн батлана гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн юм. Уг нь Улсын төсөв батлах хуулийн хугацаа арваннэгдүгээр сарын 15-ны дотор гэж заасан байдаг. Энэ жилийн хувьд Засгийн газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй арваннэгдүгээр сарын 8-ныг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн 9-ний баасан гарагт бүх нийтээр үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Тэгснээр 9-ний баасан гарагийн ажлын өдрийг ирэх долоо хоногийн 17-ны бямба гарагт нөхөхөөр болсон. Долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралддаг чуулганы хуралдаан энэ зохицуулалтын дагуу хойшлоод буй. Тиймээс өнөөдөр төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар болжээ.
Ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлснийг төсөл өргөн баригдсанаас хойш судлаачид, эдийн засагчид хэлж буй. Орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөгөөр, зарлагаа 11 их наяд гаруй төгрөгөөр төсөвлөсөн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )