ТЭМДЭГЛЭЛ-1: ”Дэлхийн монгол сэтгүүлчид” Хөх хотод
ТЭМДЭГЛЭЛ-II: Их гүрэн доторх монгол ахуй
ӨМӨЗО-ы эдийн засаг ба Азийн топ “MENGNIU DAIRY”
Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын засаг захиргааны хуваарьт таван өөртөө засах орон байдаг. Үүний нэг нь Өвөр Монголын өөртөө засах орон /ӨМӨЗО/ юм.
ӨМӨЗО нь 1.183 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, ойролцоогоор 25 сая хүн амтай. Төв нь Хөх хот бөгөөд дөрвөн сая орчим хүн амьдардаг.
БНХАУ-ын эдийн засаг 2000 оноос асар хурдацтай хөгжиж, дэлхийн анхаарлыг татаад байгаа. Үүнийг дагаад мөн үеэс эхлэн Өвөр Монголын эдийн засаг эрчимтэй өсжээ. Ашигт малтмал, нүүрсний олборлолт, хүнд аж үйлдвэр зэрэгт тулгуурлан хөгжүүлсэн эдийн засгийн өсөлт 2012 онд дээд хэмжээндээ хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 10 их наяд юан, нэг хүнд оногдох ДНБ 10 мянга гаруй юан хүрсэн байна. Эдийн засгийн өсөлт нь сүүлийн долоон жилийн хугацаанд 17 хувиар нэмэгдэж, Хятадын хэмжээнд 17-д жагсчээ. Харин өнгөрсөн жилээс эдийн засаг нь 2.5 хувь болж буурсан бөгөөд шалтгааныг хэт хурдацтай хөгжсөнөөс үүдэлтэй гэж судлаачид үзэж байгаа аж.
Өдгөө Өвөр Монгол төдийгүй БНХАУ-ын хэмжээнд нүүрсний олборлолт болоод экспортыг зогсоосон байгаа. Өмнө нь Япон улс руу нүүрс экпортлодог байсан. Газрын доорх баялагаа хойч үедээ үлдээх хэтийн бодлоготой нь үүнийг холбон тайлбарладаг.
ӨМӨЗО-ы эдийн засгийн 50 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг бол Аж үйлдвэр 39.8 хувь, ХАА-н салбар 10 хувийг эзэлж байна. Түүнчлэн сүүлийн үед эдийн засгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогоор сэргээж байгаа бөгөөд улирал харгалзахгүйгээр энэ салбарыг хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Хурдацтай урагшилж буй Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй нэгжийн эхний аравт ӨМӨЗО-ы аж үйлдвэрлэлийн салбар орж байгаа юм. Тухайлбал, Хөх хотын хувьд хөнгөн үйлдвэрийг голлон хөгжүүлж байна. Үүнд Хятадын хэмжээнд хамгийн томд тооцогдох “YiLi” болон “MENGNIU DAIRY” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг дурдаж болно. “YiLi” нь улсын үйлдвэр бол “MENGNIU” нь хувийн үйлдвэр юм.
Ингээд Өвөр Монголын болоод Дундад улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг “MENGNIU DAIRY” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн талаарх мэдээллийг хүргэе.
Азийн топ “MENGNIU DAIRY”
Тус үйлдвэрийг “YiLi” компанид ажиллаж байсан Нию Гөншен гэх хүн 1999 онд үүсгэн байгуулжээ. Нэгэн байрны нэгдүгээр давхарт буюу 30 м.кв талбайтай өрөөнд сүүгээ үйлдвэрлэж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан “MENGNIU DAIRY” үйлдвэр өнөөдөр дэлхийд 10-т, Азидаа 2-т ордог топ үйлдвэр болтлоо өргөжжээ. Тус компани нь 58 салбар үйлдвэртэй бөгөөд 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 7-8 оронд экспортлож байна.
Ашиг орлогын хувьд байгуулагдсанаасаа хойш ердөө гурван жилийн дотор буюу 2002 онд хоёр тэрбум юанийн ашиг олжээ. Түүнчлэн 2017 онд 60.2 тэрбум юанийн орлоготой ажилласан бол 2018 онд 70 тэрбум юан хүргэх зорилго тавьсан байна.
Компанийн оршин тогтнох үндэс болсон сүүний үнээгээ Австралиас авчирдаг гэж байлаа. АНУ-аас оруулж ирдэг тусгай сортын шим тэжээлтэй өвсөөр үхэрнүүдээ тэжээдэг аж. Нэг үнээнээс 15-20 литр сүү гардаг бөгөөд өдөрт 1.2 сая үнээнээс 2000 тонн сүү үйлдвэртээ нийлүүлдэг байна.
Бидний танилцсан “MENGNIU” төв үйлдвэрийн тухайд хоногт гурван ээлжээр 150 хүн ажилладаг. Үйлдвэрт тээвэрлэж ирсэн сүүг дөрвөн цаг тутамд цэвэршүүлдэг аж. 24 автомат шугамаар сүү хүлээж, авах, хадгалах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах бүхий л үйл ажиллагаа нь бүрэн автомат, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байна. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглааг хийх зориулалт бүхий мод үржүүлгийн хоёр том үйлдвэртэй аж.
“MENGNIU DAIRY” компани “Бээжин 2018” олимпийг ивээн тэтгэсэн бөгөөд сүүлийн үед Хятадын болоод гадаадын баг тамирчдыг ивээн тэтгэх болжээ.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Маш тодорхой сайхан бичсэн байна
Saihan medeelel avlaa, amjilt!