“Баярлалаа” гэж уншуулдаг автобусны картаас авахуулаад, асааж-асуудлаа шийдэж байгаа “Ленд” аппликейшн хүртэл энэ бүх үйлчилгээ Финтек гэдгийг та мэдэх үү? Монголын финтекийн хөгжил энэ хүртлээ явсан байна. Банкууд төлбөр тооцоо хийхэд хялбар болгохын тулд аппликейшн зохион бүтээж, НӨАТ-ын урамшууллаа гар утсаараа бүртгүүлж, цахилгааны төлбөрөө хүртэл гар утсаараа хийх болсон. Нэг ёсондоо орчин цагийн завгүй нийгэмд нэгээс нөгөө газар руу явж цаг алдахын оронд хормын дотор гар утсаараа төлбөр тооцоогоо хийх хэрэгцээтэй санхүүгийн технологи буюу Финтект холбогджээ.
Мода Монголоор дууссангүй...
Тийм ээ. Мода Монголоор дуусдаг гэж бид ярих дуртай. Гэвч шинэ тутам хөгжиж буй санхүүгийн технологи /Финтек/ Монголоор дууссангүй. Монголоор түүчээлж байна. Анх 2008 оноос АНУ-д анх үйлчилгээнд нэвтэрсэн энэ технологи Монголд 2009 оны сүүлээр анх нэвтэрсэн гэж үздэг. Мода монголоор дууссангүй. Арилжааны банкууд ухаалаг утсанд суурилсан аппликейшн зохион бүтээж, мессежээр утас, цахилгааны төлбөрөө хийх боломжтой болсон нь тухайн үедээ монголчуудад шинэ содон жишиг байлаа.
Цахиуртын хөндийд ухаалаг утасны технологи шинэчлэгдэх тоолонд финтекийн хөгжил цагаар биш минут, секундээр өөрчлөгдөх болжээ. Хамгийн сүүлд Монгол Улсад “Мобиком” компанийн “Candy” үйлчилгээ Монголбанкны албан ёсны төлбөр тооцоогоор хүлээн зөвшөөрөгдөөд байна.
“Монгол банк Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор финтекийг дэмжихээр ажиллаж байна” гэж Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар ярьсан юм.
Дэлхий санхүүгийн зах зээлд финтек анхлан нэвтэрснээс хойш 10 жилийн дараа Монгол Улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, цахим мөнгө гаргах, төлбөр шилжүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зэрэг асуудлыг шийдвэрлэснээр финтекийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах боломжтой болсон юм. Түүнчлэн цахим мөнгө гэх ойлголтыг бий болгож, чухам юуг цахим мөнгө гэж үзэхийг тодорхойлсон нь дэвшилтэт алхам байв. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 35.2.1-т “Мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан”, 35.2.2-т “Мөнгөн хөрөнгөөр баталгаажсан”, 35.2.3-т “Цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрөгдсөн” 35.3-т Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна. Цахим мөнгөний доод нэгж нь нэг цахим мөнгө байна” гэж зааснаар тоглоомын дүрмийг илүү тодорхой болгожээ.
Монголбанкнаас цаашид бүх төлбөр тооцооны картыг “чип”-тэй болгохоор ажиллаж байгаа аж. Уншигч та өөрийн цалингийн картаа шалгаад үзээрэй. Иргэдийг залилах, картаас тань мөнгө алдагдах явдал ихээр гарч буй энэ цагт “чип”-тэй болговол картын нууцлал өндөр болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өргөн боломж
Финтек илүү их хөгжсөнөөр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байхгүй болно гэж шинжээчид дүгнэдэг. Финтек нь зөвхөн гар утсанд суурилсан технологи гэж ойлгох нь өрөөсгөл болжээ. Блокчейн технологи, хиймэл оюун ухаан, зарим салбарт бүр роботыг хүртэл ашиглах болж. Монголд ч үүлэн технологи дээр суурилсан аппликейшн бий болоод удаагүй байна.
Финтекийн хөгжлөөр Азид БНХАУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүлдэг. Араас нь Индонези, Тайланд, Малайз удаалж байна. Харин анхны финтек үйлчилгээнд нэвтэрснээр нь тоолбол Монгол Улс анхдагчдын нэг. Хонконгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимээс боловсруулсан судалгаагаар Монгол Улс зүүн хойд Азийн орнуудыг тэргүүлж, Ази тивдээ эхний 10 байрт бичигдэж байгааг онцолжээ. Тайланд дурдсанаар “...Хэрэв Монгол Улс финтекийн салбараа хөгжүүлж чадвал эдийн засгийн багтаамж нь нэмэгдээд зогсохгүй, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэнэ...” гэж дүгнэсэн байна.
Монгол Улсад Ази тивд финтекийн хөгжлөөрөө тэргүүлж буй тэргүүлэгч 10 гарааны бизнесийн нэг “Анд Глобал” компани байгааг мартаж болохгүй. Тэд Вьетнам болон Тайланд зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргах том амбицтай байна.
Хямрал бол боломж
Финтек хэрхэн үүссэн бэ, Финтек гэж чухам юу юм бэ? 2007-2008 он. Дэлхий нийт эдийн засгийн хямралд өртөв. 1980-аад оноос хойш тооцвол хамгийн том хямрал. Чухам энэ цаг үед АНУ гэлтгүй Европын хэд хэдэн томоохон банк, санхүүгийн компани ажилчдаа цомхотгов. Ажилгүй болсон банкирууд, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй нэгдсэнээр финтекийн хөгжлийг улам хурдасгажээ. Чухам үүнээс л финтекийн хөгжлийг эхлэн тооцож болно.
Үгийн утгаар нь тайлбарлавал “Санхүүгийн технологи” гэсэн үг. Орчин цагт үүссэн хэд, хэдэн үгийн нэг бөгөөд Оксфордын толь бичигт 2009 оноос албан ёсоор багтаажээ. Финтек нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбар болгож, хэрэглэгчдэд дуртай цагтаа, дуртай газраасаа гар утсаараа авч болох цогц үйлчилгээ юм. Зөвхөн банкны төлбөр тооцоогоор зогсохгүй бизнес эрхлэгчид мөнгө зээлэх, хөрөнгө оруулалт хайх, зээлдэгчийг зээлдүүлэгчтэй холбох өргөн цар хүрээг хамарч буй.
Хямралаас үүссэн энэ салбар одоо гарааны бизнес эхлүүлэгчдийг ч, хөрөнгө оруулагчдыг ч татах болсон шинэ салбар болжээ. Дэлхий дахинд энэ салбарт 30 гаруй тэрбум ам.долларын мөнгө эргэлдэж байна.
АНУ, Европ, Ази тивийн ихэнх улсуудад финтек аль хэдийнэ нэвтэрч, бодлогоор зохицуулах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч цахим орчны хил хязгааргүй, чөлөөт урсгал хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөнгөн шилжүүлгийн нууцлалыг хадгалахад том сорилт болж байна. Хэдийгээр үүнийг зохицуулж, хянах гэж оролддог ч үр дүнгээ өгөхгүй байсаар өдийг хүрчээ.
* * *
Хамгийн сүүлийн мэдээг дуулгая. Монгол Улсад финтекийн салбараар тэргүүлэгч “Анд Глобал” компани Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтын сангаас 2.8 сая ам.доллар босгож Мьянмар болон Филиппин улсад зах зээлээ өргөжүүлнэ гэдгээ зарлаад байна. Бидэнд уул уурхайгаас өөр боломж бий. Үүний бодит жишээ нь финтек. Финтекийг ойлгох гэсэн, энэ салбарыг илүү мэдэх гэсэн бүхэл бүтэн үе өндийж байна. Салбарын томоохон байгууллагын нэг Монголбанк бодлогоор дэмжиж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль ч энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Магадгүй уул уурхайгаас өөр юм чадахгүй, дандаа мөнгө гуйдаг гэж ойлгогддог Монгол Улсын харагдах байдал, цаашдын ирээдүйг үндсээр нь өөрчлөх салбар нь финтек ч байхыг үгүйсгэхгүй...
Б.Аззаяа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com