Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчид буюу карго үйлчилгээний компаниудад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ удаагийн шалгалтанд нийтдээ 45 компани хамрагдах бөгөөд цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах талаар Хороод харилцан санал солилцож байгаа аж.
Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор баталсан Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд газар дээрх хяналт шалгалт хийгдээд байгаа юм. Улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдэд дараа үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад салбарт хяналт шалгалт явуулахаар төлөвлөж байна гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )