Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо (ОУДЗХ)-ны 25 дахь удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар нар оролцлоо. Люксембургийн Их Вант улсын нийслэл Люксембург хотноо зохион байгуулагдсан тус чуулганы үеэр Хорооны газрын дарга нар ОУДЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жонатан Диксонтой уулзаж, тус холбооны олон талт хамтын ажиллагааны санамж бичигт нэгдэх асуудлаар санал солилцов.
ОУДЗХ нь анх 1994 онд байгуулагдсан бөгөөд одоогоор даатгалын салбарын зохицуулагч 200 гаруй байгууллагуудыг эгнээндээ нэгтгээд байна. ОУДЗХ-ны жилийн чуулганаар даатгал болон давхар даатгалын салбарын мэргэжилтнүүд салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцдэг юм.
“Даатгалыг дахин зураглах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ жилийн уулзалтанд 500 гаруй төлөөлөгчид оролцож зах зээлд нөлөөлж буй эдийн засаг, технологи, нийгэм, хүрээлэн буй орчин болоод улс төрийн хүчин зүйлсийн талаар хэлэлцсэн байна. Даатгалын салбарт нөлөөлж буй эдгээр олон талт хүчин зүйлс нь даатгалын салбарын төрх байдалд хэрхэн нөлөөлж болох болон мөн зохицуулагч байгууллагууд тэрхүү өөрчлөлт, нөлөөнд хэрхэн ажиллах, зохицуулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөв. Тухайлбал, хиймэл оюун ухааны хөгжил болон байгалийн гамшигт үзэгдлүүд, цаг уурын орчны өөрчлөлт, дулаарал зэрэг нь даатгалын салбарт хэрхэн нөлөөлж буй талаар болон зохицуулагчид энэ өөрчлөлтийн цаг үед ямар арга замаар ажиллах талаар санал бодлоо солилцлоо гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )