Эрсдэлийн форум дахин ХАНШ-ийг онцлов

2018 оны 11 сарын 14

“Голомт” банк, “Мандал даатгал” ХК  хамтран 9 дэх жилдээ  “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ”  зохион байгуулж байна. Энэ жилийн форумаар ирэх 2019 онд Монголын бизнесийн салбарт учирч болзошгүй байгаа эрсдэлт нөхцөл байдлуудыг тодотгон ярилцлаа. Тус арга хэмжээний онцлог нь нийгэмд болон бизнест тулгарч болзошгүй эрсдэлүүдийн талаар мэдээлэл солилцох, түүнийг хэрхэн зөв үнэлж, эрсдэлээс сэргийлэх болон хохирлыг бууруулах арга хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгч, ирээдүйн төлөвлөлтдөө зөв ашиглах талаар туршлага хуваалцах зорилготой байдаг. Тэгвэл бизнесийн салбарт эрсдэл дагуулж болзошгүй байгаа хүчин зүйлсээр ханшийн тогтворгүй байдал,   дэлхийн таваарын захын ханшийн савлагаа, цахим аюулгүй байдал зэргийг онцлов. Форумыг зохион байгуулагч “Голомт” банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг байр сууриа илэрхийлэхдээ валютын ханшийн эрсдэл зөвхөн бизнес эрхлэгчдэд  бус иргэдийн хувьд хүнд тусдаг гэдгийг хэлж байна. Монгол төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч буй нь намууд популист амлалтаа хэрэгжүүлэхээр үргүй зардал гаргадагтай, төсвийн бодлого ухаалаг бус байгаатай холбоотой гэлээ. Мөн эдийн засгаа төрөлжүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхгүйгээр ханшийн тогтвортой байдлыг бий болгох боломжгүйг хэллээ.  Манай улсын тухайд төсвийн орлогыг бүрдүүлэгч үндсэн түүхий эдүүд нь нүүрс, зэс. Тэгвэл эдгээр түүхий эдийн ханш Хятадын эдийн засаг хумигдахтай зэрэгцэн унах эрсдэл байгааг хэллээ. Ирэх онд нүүрс, зэсийн ханш унавал төсвийн орлогод асуудал үүсч таарна. 40 сая тонн нүүрс хилээр гаргана гэсэн гэгээн тооцоолол ирэх оны төсөвт бий.

Сануулахад, өнгөрсөн жилийн “Эрсдэлийн форум”-аар валютын ханшийн хэлбэлзлээс үүдэх санхүүгийн эрсдэл, улс төр, мега төслийн үйл явцаас үүдэн гарах эдийн засгийн эрсдэлийн тухай болон 2018  оны мөнгөний бодлогын төслийг хэлэлцүүлж байсан юм.  Мөн хурдтай өөрчлөгдөж буй тодорхойгүй ертөнцөд дасан зохицох чадвартай, эрсдэлд тэсвэртэй бизнесийг цогцлоох арга туршлагуудын талаар бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах эрхмүүд ярилцаж байв.

Тэгвэл энэ жилийн тухайд мөн л ханшийн эрсдэлийн талаар төвлөрч ярилаа.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top