Санхүүгийн зохицуулах хороонд /СЗХ/ энэ оны гуравдугаар улиралд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын үйл ажиллагаатай холбоотой нийт 43 өргөдөл ирснийг хуулийн дагуу шийдвэрлэжээ. Ингэхдээ 25-д нь холбогдох хариуг өгч, 11-ийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, дөрөвд нь Хорооноос үүрэг даалгавар хүргүүлж, үлдсэнд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулсан байна.
Дээрх өргөдөл, гомдлын 28 хувийг ББСБ-ууд Зээлийн мэдээллийн сан (ЗМС)-д байршуулсан зээлдэгчийнхээ талаарх мэдээллийг тухай бүр шинэчлээгүйгээс зээлдэгчийн зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд эзэлжээ. Энэ төрлийн агуулга бүхий өргөдөл гомдол энэ улиралд нийт 12 ирсэн нь 2016 оны гуравдугаар улирлынхаас гурав дахин нэмэгдсэн дүн гарч буй юм.
СЗХ дээрх асуудалтай холбогдуулан Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн хянан шалгагчдын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд хамааруулах боломжийг судалж байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19-д Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчигдсөн тохиолдлыг зөвхөн Монголбанкны хянан шалгагч хянан шийдвэрлэхээр байгаа гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )