Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт, шалгалт хийх журам батлагдлаа

2018 оны 11 сарын 15

 

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/  хуулийн хэрэгжилтийг хангуулах мэдээлэх үүрэгтэй этгээдэд хяналт шалгалт хийх журам, заавар батлах эрхийг хуульчилсан ба захиргааны хуульд нийцүүлэн боловсруулах шаардлага урган гарчээ. Тиймээс СЗХ “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ыг боловсруулан баталлаа.

Журмын зорилго нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.2-4.1.7-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд уг хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, заавраар хүлээсэн хэрхэн хэрэгжүүлж байгаад зайнаас болон газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахад чиглэжээ.

Дөрвөн бүлгээс бүрдсэн уг журмын төслийн нэгдүгээр бүлэгт журмаар зохицуулагдах харилцаа хяналт шалгалтын төрөл, хэлбэрийг, хоёрдугаар бүлэгт зайнаас хяналт тавихтай холбоотой харилцааг, гуравдугаар бүлэгт газар дээрх хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан бол дөрөвдүгээр бүлэгт хариуцлагын талаарх зохицуулалтыг  тусгаж өгсөн нь мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалтыг илүү тодорхой болгон өгч байна гэж СЗХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top