Төр ОНЦГОЙ албан татвараа нэмэхгүй бол ШАТАХУУНЫ үнийг буулгах тохироо бүрдэв үү?

2018 оны 11 сарын 16

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 56.54 ам.доллар байна. Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх учир үнэ нь цаашид ч уруудах ёстой гэж  жиргэсэн нь  манай эрх баригчид хийгээд иргэдийн хувьд таатай мэдээлэл болж наашлав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Д.Трампын жиргээг эшлэж байгаад “Монголд ч бууна гэдэгт итгэж байна, импортлогч компаниуд бензиний үнийг өсгөсөн шигээ буулгана биз дээ” хэмээн мөн л сошиалаар байр сууриа илэрхийлсэн бол НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат “Сангийн яам онцгой татвараа нэмчихгүй бол буурч л таарна” гэж хариу жиргэв. М.Халиунбат бол “Петровис” компанийг  удирдаж  байсан, нефтийн салбарын асуудлуудыг сайн мэдэх хүмүүсийн нэг.


М.Халиунбат  түлшний үнийг тогтвортой барих боломжийн талаар ярихдаа /2018.01.31/  “ Миний олж мэдсэн бяцхан туршлагаар шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх. Манайхтай адил нефтийн нөөц байхгүй, 100 хувь импортоос хамааралтай Герман, Польш зэрэг улсуудын түүхийг судалсан. Тухайн үеийн Газрын тосны газар, Уул уурхайн яамны хүмүүстэй хамт Европын орнуудаар явж туршлага судалсан л даа. Ердөөсөө нөөц л чухал юм билээ. Герман улс л гэхэд хоёр жилийн хэрэгцээтэйгээ тэнцэхүйц нөөцтэй. Тэр нөөц нь үнийн савлагаа, нийлүүлэлтийн огцом тасалдал зэрэгт аврал нь болдог. Аажуухнаар үнийг нэмэх боломжийг өгдөг байх нь. Герман улс нөөцийн холбоо гэж байгуулсан. Тэр нь төрөөс огт хамааралгүй. Төрийн зүгээс зөвхөн санхүүгийн баталгаа гаргаж өгдөг. Санхүүгийн баталгааг нөөцийн холбоо ашиглан олон улсаас маш бага хүүтэй зээл авчихдаг. Тэр зээлээрээ хоёр жилийнхээ нөөцийг бий болгодог. Зээлийн хүү, шатахуун хадгалах хөлс, хорогдол зэргийг литр тутамд нэгээс хоёр төгрөг нэмж борлуулан гаргаж авдаг. Нөөц байгаа учир зээлээ төлөхгүй байх боломжтой. Энэ нь аль алиндаа их эвтэйхэн хувилбар.Уг нь үүнийг аль хэдийнэ бид хэрэгжүүлчихсэн байх ёстой. Гэтэл манайд Засгийн газар солигдлоо л бол дор нь ажиллаж байсан бүх хүн солигддог. Надтай хамт туршлага судалж явсан хүмүүсээс нэг нь ч тухайн салбартаа ажиллахгүй байна” гэсэн байдаг.

Нефтийн салбарын асуудлыг мэдэх хүмүүс байр сууриа ийн илэрхийлдэг. Гэсэн ч шатахууны үнэ байсхийгээд нэмэгддэг жишиг тогтсон. Энэ он гарсаар импортлогчид таван удаа үнэ нэмсэн. УУХҮЯ-наас сар бүр өгдөг албан  мэдээллээр аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй, үүнээс  А-80 автобензин 88, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байсан. А-80 автобензин 1841 төгрөг, Аи-92 автобензин 1979 төгрөг, Аи-95 автобензин 2216 төгрөг, дизелийн түлш 2311 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа.

Тэгвэл Сангийн яамыг удирдаж буй сайдын хувьд импортлогчид үнээ бууруулах нөхцөл бүрдлээ гэж харж байна. Харин импортлогчдын эрх ашгийг төлөөлж дуугардаг М.Халиунбат төр татвар нэмж тоглочихгүй бол үнэ буурах боломж бий  гэж харж байна. Ч.Хүрэлбаатар сайдын жиргээнээс харахад онцгой албан татварт хуруугаа ч хүргэхгүй бололтой. Энэ бол харьцангуй нааштай байр сууриуд.

Аравдугаар сарын эхээр импортлогчид шатахууны үнийг нэмсний дараа АМГТГ-аас мэдээлэл хийхдээ “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн  хэлбэлзэл нь   шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” гэж тайлбар хийсэн.

Тэгвэл Монголд шатахууны үнэ нэмэгдсэн нэг гол үндэслэл болох дэлхийн зах зээлийн үнэ уруудсаар байна. Харин ам.долларын ханшийн тухайд тогтворжих талдаа байгаа юм. Ерөнхийдөө түлшний үнэ өсөхгүй байх нөхцөл бол бүрдсэн. Харин нэмсэн үнээ буулгах эсэх нь импортлогчдын шийдэх асуудал болоод байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(150.129.143.190) 2018 оны 11 сарын 18

odoo ene novshnuud benzinii orond buruu nairuulsan turul buriin sningenii holimgoo zarj heden mongol humuusee shulj bna daa 92 avahadaa unerleed uzeerei muu usni nuhnees gardag unertei holimog bnaa odoo bolihgui bol arail dendeed bna shuu

0  |  0
amaraa(203.91.115.38) 2018 оны 11 сарын 16

2018 onii 11 sariin 1-nees 14 -nii hoorond delhiin zah zeel deer neftiin une 26 huvaar buuraad baina. Ene uniin unalt manaid yagaad noloolohgui bainaa.Neft impoldog kompaniudiin erhiig tsutsalah heregtei baihaa.

0  |  0
Үнэн (66.181.178.113) 2018 оны 11 сарын 16

Шатахууны 30-45 өдрийн нөөцтэй гэдэг.ядаж л сарын дараа үнэ нэмэгдэх бсан гэтэл үнэ өсөнгүүт шатахууны үнэ нэмэгдэг одоо бууж бна одоо шууд буулгах шатахууны үнийг буулгах ёстой

0  |  0
Бат(202.9.42.234) 2018 оны 11 сарын 16

Энэ талаар хэрэглэгчид үнэн мэдээлэл солилцож хэрэглэч бид бас зүгээр суумааргүй ТОДРУУЛБАЛ бид Петровисаас бензин авахгүй байж болно шүү дээ

0  |  0
иргэн(182.160.3.69) 2018 оны 11 сарын 16

Петровисын эзэн Оюунгэрэл шатахууны унийг нэмэх асуудлыг байнга туруулж хийж байдаг нь анзаарагддаг.

0  |  0
Top