Үндсэн чиглэл: Өсөлтийг тогтворжуулна

2018 оны 11 сарын 15

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцэн батлав. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох бодлогын алхмууд хийх гэж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, гадаад худалдааны үнэ харьцангуй таатай, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын зохистой хослолыг хэрэгжүүлсний үр дүнд тодорхой бус байдлыг бууруулж, бизнесийн идэвхжлийг сэргээж чадлаа.

 Эдийн засгийн хүндрэл гүнзгийрсэн 2016 оноос хойш ихэнх салбар хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бэхжүүлж,  цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл бүхэлдээ чиглэж байна.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх 2 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарын түвшинд дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляци 2018-2019 онд зорилтот түвшний орчимд хадгалагдах боломжтой гэж үзэж байна.

Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгалаа.

Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлнэ.

Банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа гэж Төв банкнаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top