Хүний хамгийн үнэт зүйл бол амь нас. Иргэн бүрийн үнэт зүйл болсон амь насыг хуулиар хамгаалсан байдаг. “Хүн амьд явах, эрүүл байх, үнэгүй боловсрол эзэмших эрхтэй” гээд Монгол Улсын үндсэн хуульд заачихсан байгаа. Харин энэ эрх зөрчигдвөл хариуцлагыг хэн хүлээх вэ.
Сүүлийн арваад жил Улаанбаатар хот агаарын бохирдлоос үүдэн дэлхийн хамгийн аюултай хотоор нэрлэгдэх болсон. Агаарын чанарын алба болон утаа бууруулахыг хариуцсан дарга нар жил бүр “утаа их байгаа ч хор нь багассан” тухай бяцхан үлгэр зохион ярьдаг. Харин энэ жилийн хувьд үлгэр ч үгүй, үнэрлэх агаар ч үгүй 2019 оны хавартай золгох нь ээ.
Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах ч хүчил төрөгчгүйгээр хэдэн хором ч амьдарч чадахгүй. Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсдөг. Харамсалтай нь бид цэвэр агаараар биш хортой агаараар амьсгалж буй учир өдөр тутам, цаг минут бүрд биед сөргөөр нөлөөлж буй.
Нэг жишээ сонирхуулъя. Өнөөдөр 2018 оны 12 дугаар сарын 11-ний Мягмар гараг. Яг одоо буюу 16 цаг орчмын байдлаар агаарын чанар 100 айл орчим 593 ба МАШ ИХ БОХИРДОЛТОЙ, Бөхийн өргөө, Баруун 4 зам, Нисэх, МҮОНТВ орчим бага бохирдолтой буюу 100-174 гэсэн үзүүлэлттэй байна.
593 гэсэн үзүүлэлт бол УТААНЫ ГОЛОМТ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүнэ үү хэмээн Агаарын чанарын албанаас зөвлөжээ.
Яг ийм хэмжээний агаараар амьсгалж, утааны голомтонд амьдарвал хүний биед хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
Олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөрөг нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна. Үүнд:
• Амьсгалын эрхтний эмгэг /Цочмог ларингит, Архаг бронхит, тонзиллит, аденойдит, уушги, гуурсан хоолойн бөглөрөлтөт хэлбэрийн архаг үрэвсэл/
• Харшлын эмгэг /харшлын гаралтай нүд, чих хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэг/
• Зүрх судасны өвчин /Зүрх судасны өвчний тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний ишеми/
• Удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил
• Хавдар
• Нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө /үр хөврөл гэмтэх, дутуу төрөх/
Энэ бол агаарын МАШ ИХ БОХИРДОЛТОЙ, ИХ БОХИРДОЛТОЙ орчинд удаан хугацаагаар амьдрах, амьсгалахад хүний биед хэрхэн нөлөөлөхийг харуулсан олон улсын судалгаа юм. Тэгэхээр нийслэл хотод амьдарч буй 1,8 сая иргэний эрүүл мэнд, амьдрах орчинд ноцтой аюул учраад байна гэсэн үг. Бид амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )