“МИНИЙ НУТАГ”-аас 90 жилийн дараа БАЙГАЛЬ орчны үзүүлэлтээр 83 дугаарт...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэсэн “Монголын сайхан орон” хүрээлэн буй орчны олон улсын судалгаагаар 83 дугаарт жагссаныг уншигч та мэдэх үү? Тэгвэл мэдэх л хэрэгтэй болж. Хангай говийн хооронд халхын уудам нутаг маань хүрээлэн буй орчны эрүүл мэндээрээ 94 дүгээрт, Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд нь усны чанараараа 65 дугаарт,  Хүний сэтгэл тэнийм уудам амьсгал нь агаарын чанараараа 104 дүгээрт, Таван зүйлийн тарианы хөрс шороот газар нь хүнд металлын бохирдлоороо 118 дугаарт, хөдөө аж ахуйн хөгжлөөрөө 145 дугаарт жагсч байна.

ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ

“Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон”... Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж ийн шүлэглэснээс хойш 90 гаруй жилийн дараа Монгол Улс хүрээлэн буй орчны олон улсын судалгаагаар 83 дугаарт жагсав. Судалгааны нэгдсэн дүнгээрээ 94 дүгээрт жагссан ч шалгуур үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсний дараа есөн байр урагшилсан нь энэ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дэмжлэгтэйгээр Йелийн их сургууль, Колумбиа мужийн их сургуулийн хамтран боловсруулдаг энэ судалгаа 180 гаруй орныг хамарсан. Нийт 24 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын хүрээлэн буй орчныг эрэмбэлэн дүгнэжээ. Ерөнхий мэдээллээ түр азнаад гол асуудалдаа оръё.

Дээр дурдсан 24 шалгуур үзүүлэлтээс 90-145 дугаарт жагссан хэдхэн үзүүлэлтийг онцолъё. 24 шалгуур үзүүлэлтээс хамгийн доогуурт жагссан нь хөдөө аж ахуйн нөхцөл байдлын үнэлгээ. Бид 180 улсаас 145 дугаарт эрэмбэлэгджээ. Хөдөө аж ахуйн яамны дэргэд харьяалагддаг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх болон тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө идсэн улс төрчид маргалдаж байх хооронд бид энэ үзүүлэлтээрээ дэлхийн ёроол хэсэгт бичигдэж байна.

“Хүрээлэн буй орчны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орохын хэрээр бид хөдөө аж ахуйг эрчимжүүлж, аль болох байгальд ээлтэй болгох шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн салбарт шинэ тутам хөгжиж буй технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах, улс орнууд баримтлах бодлогоо өөрчлөх шаардлагатай”  гэж Хүрээлэн буй орчны олон судалгааны тайланд дурджээ.

Хөдөө аж ахуй, газар тариаланд төрөөс анхаардаггүй, нэгдсэн бодлого зохион байгуулалтгүй, хөдөө аж ахуйн салбар бүрэн хөгжөөгүй нь доогуур байр эзлэх үндсэн шалтгаан болжээ. Дайны хөлд дарагдаж байгаа Ирак 119 дүгээрт, иргэний дайны хөлөөс арай гэж хөндийрсөн Ливи улс 115 дугаарт жагссаныг сануулахад илүүдэхгүй.

Удаах асуудал нь хүнд металлын бохирдол. Бид 180 улсаас хүнд металлын бохирдлоороо 118 дугаарт бичигдэж байна. Агаарт агуулагдах хүнд металлын хэмжээ, хөрсний бохирдол, хот суурин газар эрхэлдэг боловсруулах үйлдвэрүүд, цэвэр болон бохир усны сүлжээ, дэд бүтэц хөгжөөгүй байдал, амьдралын чанараараа бид мөн төдийд жагсч байна гэсэн үг. Дэлхий даяар хүнд металлын агуулга нэмэгдэх хандлагатай байгааг тайланд дурджээ.

Монгол Улс дээрх тайланд агаарын чанар гэх үзүүлэлтээр хамгийн муу байр эзэлсэн. Судалгааны агаарын чанар гэх ерөнхий үнэлгээгээр 104 дүгээрт жагссан бол галлагаатай сууцанд амьдардаг айл өрхийн тоогоор 132 дугаарт, агаарын бохирдлоороо 115 дугаарт жагссан байна. Бид энд агаарын бохирдлыг бууруулах нэрээр хэдэн зуун тэрбум төгрөг шидэлцэж байх хооронд бид агаарын чанараараа Азийн хамгийн муу гэгдэх 10 улсын оонд оржээ. Агаарын бохирдол нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхэд халдаж байгаа тул нэн даруй шийдвэрлэх ёстойг олон улсын тайланд онцгойлон анхааруулжээ.

Усны нөөцөөрөө бид мөн л дэлхийн дунджаас хамаагүй доор байна. Усны нөөцөөрөө бид дэлхийд 101 дүгээрт жагсч байгаа. Саарал усыг дахин боловсруулах технологи байхгүй гэдгээрээ мөн л 101 дүгээрт бичигдэж байна. Судлаачид 100-гаас доош бичигдэж буй улс орнуудыг усны нөөцөө нэмэгдүүлэх, усны хүрэлцээг хангах, саарал ус боловсруулах, ундны усны хэрэгцээг хангах тал дээр анхаарч, бодлогоор зохицуулах ёстойг сануулжээ.

ЭНЭ БОЛ...

Хоёр жил тутамд явуулдаг энэ судалгааны сүүлийн гуравт нь 80-аас урагшилж үзсэнгүй.  Уул уурхайгаас өөр бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй Монгол Улсад оногдсон хувь заяа нь ердөө энэ гэж үү? Шинжлэх ухааны академийн Газар зүй, геотехнологийн хүрээлэн өнгөрсөн долоон жилийн турш явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын 88 хувь нь нянгийн бохирдолтой, 72 хувь нь хүнд металл буюу сульфатын бохирдолтой гэсэн дүн гарчээ. Ялангуяа хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжид хөрсний хар тугалга 27.5 хувиар нөлөөлж байгааг тогтоосон. Азийн банкны судалгаагаар Улаанбаатар хот 2050 он гэхэд ундны усны хомсдолд орохыг сануулаад байна. Хатан Туулаасаа ундаалдаг Улаанбаатарчууд хиймэл нуур, далан барьж ус тунгаан, иргэдээ хангах тухай нэг ч хүн ярихгүй байгаа нь харамсалтай.

Агаарын бохирдол, утаагаараа бид дэлхийд тэргүүлж байх хооронд бид 547.3 тэрбум төгрөгийг дотоодын эх үүсвэрээс зарцуулжээ. Тодруулбал, 2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон байна.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын 3.5-д “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхыг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгоно” гэж лоозогносноос хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд агаарын бохирдлоор мөнгө идсэн нь тогтоогдож, хөрсний бохирдол нэмэгдэн, ундны усны хүрэлцээ ч муудаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Энэ хугацаанд бид олон тайлангийн 80-ааш дээгүүр байрт бичигдсэнгүй. Зөвхөн өнөө маргаашийн сандал, суудал, улс төрийн нөлөөллийн төлөө хоорондоо үзэлцсээр. Хоёр жилийн дараа бид хэддүгээрт жагсах бол?

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top