Цагаачид болон роботууд Японыг аврах уу?

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

Японы хүн ам эрчимтэй буурч байгаа нь ирээдүйд том аюул учруулахаар нөхцөл болж эхэллээ. Ажиллах хүчний хомсдлыг шийдэх үүднээс тус улс дэлхий дээрх хамгийн хатууд тооцогддог цагаачлалын хуулиа зөөлрүүлж байна. Хүн, хүчний хомсдлыг гаднынхан болон роботууд нөхөх учиртай болжээ.

Саяхан Японы парламент гадаадын дадлагажигч ажилчин авах тухай хууль баталжээ. Японы эрх баригчид ирэх таван жилийн хугацаанд 350 мянган дадлагажигч ажилчныг хүлээн авах тооцоо гаргаад байгаа юм.

Японы парламентаар батлагдсан “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд гадаадаас ажилчин авах БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн есөн орныг нэр заан тусгасны дотор Монгол Улс багтсан. Эдгээр есөн оронтой ирэх оны гуравдугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулахаа тус мэдэгдээд байна.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн барилга, зочид буудлын бизнес, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хөгшид, өвчтөний асаргаа, усан онгоцны үйлдвэр зэрэг ажлын хүч ихээр дутагдаж буй эдийн засгийн 14 салбарт гаднын ажилчдыг ажиллуулах гэнэ. Хэдийгээр уг хуульд гадаадын ажиллах хүчний эрхийг хамгаалах, амьдрах нөхцөлийг хангах талаар заагаагүй ч Японы иргэдийн авч буй цалингаас доошгүй хэмжээний цалин авна хэмээжээ. Үүнээс гадна нарийн, өндөр мэргэжлийн ажилтнуудад гэр бүлтэйгээ шилжин ирэхийг зөвшөөрөх заалтыг ч тусгажээ.

126 сая хүн амтай Япон улсад 2017 онд 1.3 сая гаднын ажилчид бүртгэгдсэн нь нийт хүн амын 2 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрийн дунд Хятад, Вьетнам, Филиппин улсын иргэд давамгайлжээ.  


Өнөөг хүртэл биеийн хүчний ажлын салбарт гадаадын иргэдийг ажиллуулахыг ерөнхийдөө хориглодог байсан ч япон гаралтай гадаад иргэд, гаднын оюутнууд болон дадлагажигчдад хуулийн дагуу мэргэжил шаардахгүй ажил эрхлэх зөвшөөрөл олгодог байв.

Гэвч хөдөлмөрийн цагаачдыг татах Токиогийн төлөвлөгөө хүн амын бууралтын урт хугацааны төлөвийг зогсоох хангалттай бус арга юм.

Зөвхөн 2017 онд л гэхэд арлын орны хүн ам 373 мянгаар буурчээ. Нээлттэй хаалганы бодлого зөв ч тус улсын Засгийн газар илүү ихийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Natixis Japan Securities компанийн эдийн засагч Кохей Ивахара ярьжээ. Япончууд цагаачдад таатай бус ханддаг. Үүнийг ”Yomiuri Shimbun” сониноос явуулсан судалгааны үр дүн ч илтгэж байна. Японы хүн амын 48 хувь нь гадаадаас ажиллах хүч авахыг дэмжсэн бол 42 хувь нь эсэргүүцсэн байна.

Хүн ам зүйн асуудал

Хүн амын бууралт нь Япон улсын хувьд хамгийн хурц асуудал болоод байна. Өнгөрсөн зууны 60-аад оноос эхлэн тус улсад төрөлт багасч эхэлсэн бөгөөд энэ байдал өнөөг хүртэл үргэлжилсээр. 2065 онд Японы хүн ам 88 сая болж буурах бол 2115 онд гэхэд дөнгөж 51 сая хүрнэ гэж Японы үндэсний хүн ам зүй, нийгмийн хамгааллын хүрээлэн тооцолжээ. 2017 оны байдлаар, Японд 126.8 сая хүн тоологдсон гэхээр 2065 он гэхэд тус улсын хүн ам 60 хувиар буурна гэсэн үг. Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн коэффициент 1.44 байна. Энэ үзүүлэлт 2.1 болж байж хүн амын ердийн өсөлт хангагддаг. Хамгийн муугаар төсөөлөхөд таагүй байдал үргэлжилбэл 3776 он гэхэд япон үндэстэн бүрэн мөхнө гэж тус хүрээлэнгийн эрдэмтэд тооцоолжээ.

Хүн амын тоог тогтмолжуулахын тулд гаднаас орж ирж буй цагаачдын урсгал 500 мянгаас давах шаардлагатай гэж эрдэмтэд мөн сануулжээ.

2017 онд төрөлт сүүлийн 100 жилд хамгийн доод төвшинд хүрчээ. Тус улсад 941 мянган хүүхэд төрж, 25-39 насны буюу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо мөн багасчээ. Мөн онд 1.34 сая хүн нас баржээ. Үүссэн нөхцөл байдлыг залруулах үүднээс эрх баригчид нь насанд хүрэх хязгаарыг 20-иос 18 нас болгожээ. Ингэснээр, иргэд нь эрт гэрлэж, хүн амын өсөлтөд сайнаар нөлөөлнө хэмээн эрх баригчид нь найдаж байна.


Гэтэл япончууд өөрсдөө эрт гэрлэхийг тийм ч их хүсдэггүйг 2016 оны судалгаа харуулсан байдаг. Япон эрчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 60 хувь нь ганц биеэр амьдарч байна. Хоногт 16 цаг ажилладаг япончууд гэр бүлээс илүү ажлыг чухалчилж иржээ.

Гэтэл Япон улс дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг. 2016 оны байдлаар, япон эрчүүдийн дундаж наслалт 81 байсан бол эмэгтэйчүүдийнх 87-гоос дээш байв. 2017 онд Япон улсад 68 мянган 100-аас дээш настай буурлууд бүртгэгдсэн бол 2050 он гэхэд энэ тоо нэг саяд хүрнэ гэсэн НҮБ-ын судалгаа бий.

Хүн амын хөгшрөлт эдийн засагт нөлөөллөө үзүүлэх нь дамжиггүй. Тэтгэвэр, эрүүл мэндэд илүү их мөнгө зарцуулж байгаа нөхцөлд татвар төлөгчдийн тоо цөөрч буй нь эдийн засгийн өсөлтийг чангааж байгаа. Иймээс Японы эрх баригчид 2020 гэхэд тэтгэврийн насыг 70 хүргэх хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Өнөөдөр, тус улсад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 насандаа тэтгэвэрт гардаг.


Дундаж наслалт өндөр тус улсад тэтгэврийн насныхан үргэлжлүүлэн ажиллах нь эдийн засагт нь мэдээж хэрэг тустай байгаа. 500 орчим тэрбум ам.долларын сантай тэтгэврийн сан нь алдагдалтай тул улсын төсвөөс жилд 110 тэрбум ам.долларыг нөхөн төвлөрүүлдэг аж. 2065 он гэхэд нэг хөдөлмөрийн насны иргэнд нэг тэтгэврийн хөгшин ногдоно гэсэн төсөөлөл байгаа бөгөөд өдгөө тус улсын хүн амын 30 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа юм.

Ирээдүйн Япон – Роботуудын орон

Япон улс ажиллах хүчний хомсдлоо шийдэх өөр нэг арга зам бодож олсон байгаа. Энэ бол роботууд. Япончууд асрамжийн газруудын өндөр настныг асрах ажлыг роботуудад аль хэдийн даатгаад буй.


Ерөнхий сайд Абэ Шинзо “Роботуудын хувьсгал”-ыг санал болгож байгаа. Түүний төлөвлөгөө ёсоор 2020 гэхэд робот техникийн зах зээл дөрөв дахин нэмэгдэж, 2.4 их наяд иенд хүрэх аж. Тэр үед Японы томоохон корпорациуд дахь ажлын дөрөвний нэгийг роботууд хийж гүйцэтгэх болж байна.


Түүнчлэн багшлах боловсон хүчин дутагдалтай байгаа тул ирэх жил англиар ярьдаг хиймэл оюун ухаантай роботуудыг дунд сургуульд нэвтрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Японы боловсролын яам 2018 оны наймдугаар сард зарлав. Тэдний тусламжтай япон хүүхдүүд англи хэл сурах юм.

Барилгачдыг орлох хандлага мөн хүчээ аваад байна. Японы хэд хэдэн барилгын компани өндөр барилга дээр ажиллах роботуудыг бүтээж байгаа аж. Жишээлбэл, “Shimizu” компани гагнах, ачаа зөөх, таазны тавцан суурилуулах чадвартай роботуудыг туршиж байна. Үйлдвэр, үйлчилгээний салбарт ч роботын хэрэгцээ өндөр байгаа.

Үүнээс гадна, япончууд өөрсдөө роботтой харьцахыг илүүд үздэг болсон бололтой. Нийгмийн хамтрагч Pepper роботыг 1000 хувь үйлдвэрлэхэд минутын дотор зарагджээ. Гэтэл нэг робот тийм ч хямд бус бөгөөд 10 мянган ам.долларын үнэтэй байдаг аж.


Япон улс дэвшилтэт технологи боловсруулах хамгийн баялаг түүх, туршлагатай билээ. Олон улсын робот техникийн холбооны мэдээллээр, 2017 оны байдлаар тус улс дэлхийн нийт робот бүтээгдэхүүний 50 гаруй хувийг үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: tass.ru

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(182.160.36.95) 2018 оны 12 сарын 26

З сая хүн амтай монгол тэгээд сөнөө юу? Япоэы хүн ам 127 сая шүү яг одоо

0  |  0
Top