Б.Алтанзул: Амиа хорлолтын талаарх баримтгүй мэдээлэл хэт хавтгайрч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ Сэтгэц, нийгмийн сэргээх засах тасгийн эрхлэгч Б.Алтанзулыг "Цахим чагнуур" буланд урьж ярилцлаа.


-Ярилцах хүсэлт хүлээн авсанд танд баярлалаа. Саяхан СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээх засах тасгийн үйлчлүүлэгчдийн "СЭТ-ХИЛ" нэртэй үзэсгэлэн гарлаа. Энэ үзэсгэлэнтэй холбогдуулаад Сэтгэц, нийгмийн сэргээх засах тасгийн талаар уншигчдад үнэн бодитой мэдээлэл өгөхөөр тантай уулзах санал тавьж байгаа юм?

 

-Бид жил бүр чанарын өдөрлөг буюу манай тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ бүтээлээр эмнэлэг дээрээ үзэсгэлэн гаргадаг байсан. Харин 2017 оноос эхлэн илүү нийгэм рүү чиглэсэн, энэ хүмүүс ч гэсэн бидэн шиг сэтгэн бодох чадвартай, магадгүй илүү авьяастай хүмүүс байдаг юм шүү гэдгийг харуулах зорилгоор олон нийтэд нээлттэй болгосон. Ингэхдээ 2017 онд энэ хүмүүсийг бүү ялгаварлан гадуурхаасай гэдэг санааг илэрхийлэх зорилгоор "Эдгэрэл-Итгэл найдвар" нэртэй бүтээлийн үзэсгэлэнг "Энэрэл" төвтэй хамтарч, Монголын уран зургийн галерейд гаргаж байсан. Харин энэ удаа 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд "СЭТ-ХИЛ" нэртэйгээр зохион байгууллаа.


-Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн талаар танилцуулахгүй юу?

 

-Би 2015 оноос хойш сэргээн засах эмчилгээний тасгийг хариуцан ажиллаж байна. Энэ тасагт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмийн эмчилгээтэй хавсарч эмчилдэг. Ингэхдээ нийгэмд өөрийгөө илэрхийлэх, өвдөхөөс нь өмнө тэр чадварыг нь нөхөн сэргээх эмчилгээ хийдэг. Зүрхний шигдээстэй хүн байхад шигдээсийг нь дарж, дараа нь ачаалал даах чадварыг нь сайжруулахын тулд эхлээд алхаж сургах гэх мэт янз бүрийн ачаалалтай дасгал хийлгүүлдэгтэй л адил.


-Сэтгэц, нийгмийн сэргээн засах тасагт ямар эмчилгээ голчлон хийдэг вэ?

 

-Ерөнхийдөө нийгэмшүүлэх, дадал эзэмшүүлэх гэсэн хоёр чиглэлээр эмчилгээ явуулдаг. Мөн ар гэрийнхэнд болон олон жил эмчлүүлсэн өвчтөнүүдийг нийгэмшүүлэх, дадал эзэмшүүлэх зорилгоор гурван төрлийн сургалт явуулдаг. Дадал эзэмшүүлэх, чадамж эзэмшүүлэх нь олон төрөлтэй. Ном эмчилгээ, зураг эмчилгээ, хөгжим эмчилгээ, чимэглэх урлаг, оёдол, үсчин гоо сайхан гэх мэт эмчилгээний төрлүүдтэй.


-Энэ тасгаар үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн ар гэрийнхний хандлага ямар байдаг вэ?

 

-Манайд гэр бүлийнхэн хамрагддаг сургалт гэж бас байдаг л даа. Дотны хүн нь сэтгэцийн өвчтэй болсны дараа гэр бүлийнхэн нь мөн давхар стресст ордог. Эмнэлэгт хэвтээд гарч байгаа үйлчлүүлэгчтэй яаж харьцах ёстой вэ, хэвийн байсан үетэй нь адил харьцах ёстой юу, эсвэл хөөрхий минь эмнэлэгт хэвтсэн шүү гэж нөгөө хүнийхээ бүх үйлдлийг нь зөвшөөрөөд байх юм уу гэдэг их бодох ёстой асуудал. Байнгын үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хяналт тавих тал дээр нь сургалтад хамрагддаг. Мөн эмнэлэгт хэвтээд гарч байгаа өвчтөн өөрийгөө хэрхэн авч явах, ар гэр, хүүхэдтэйгээ яаж харьцах зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтуудыг зохион байгуулдаг.


-Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгаар үйлчлүүлээд эргээд нийгэмшсэн бодит жишээ хэр олон байдаг вэ?

 

-Хэд хэдэн хүмүүс байгаа. Гэвч нийгмийн зүгээс үзүүлж байгаа ялгаварлан гадуурхалт тэдэнд маш хүчтэй байдаг. Эмнэлэгт жилдээ 1-2 удаа хэвтдэг байсан үйлчлүүлэгчдийг бид өнгөрсөн 2017 онд “Энэрэл” мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд зургаан сарын турш мэргэжил олгох сургалтад хамруулсан. Тэгснээр манай үйлчлүүлэгчид тогооч, мужаан, гар урлал гэсэн чиглэлүүдээр бүгд давхар мэргэжил эзэмшсэн. Тэд маань нягтлан, хуульч эрх зүйч, багш зэрэг дээд боловсролтой хүмүүс байсан л даа. Одоо давхар мэргэжлийнхээ дагуу ажиллаад явж байгаа хүмүүс ч байна. Сэтгэцийн эмгэг нь өөрөө архаг өвчинд тооцогддог тул шууд эдгэрнэ гэдэг харьцангуй ойлголт. Мухар олгой шиг хагалгаанд ороод зүв зүгээр болчихдоггүй. Тухайн хүн нийгэм дунд, хэвийн байдалтай хэр удаан байна түүнийг л бид эдгэрэлт гэж дүгнэдэг. Нэг ёсондоо үйлчлүүлэгч эмнэлэгт эргэж хэвтэхгүй, эмээ уугаад, нийгмийн дунд хуучин ямар байдалтай байсан тэр хэвээрээ явж байвал энэ нь өөрөө эдгэрсэн гэж үзэх үнэлгээ юм.


-Архаг сэтгэцийн өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгээд хэвийн байдалдаа орох боломжтой гэсэн үг үү?

 

-Сэргээн засах тасагт бид архаг өвчтөн болон удаан хугацаагаар эмчлүүлсэн өвчтөнүүдээ эмчлэх сургалтыг зохион байгуулдаг. Удаан хугацаагаар сэтгэцийн өвчнөөр өвчилсөн хүмүүсийн өөрөө өөртөө үйлчлэх чадамж, харилцааны байдал зэрэг нь алдагдсан байдаг. Эмчилгээ, сургалтаар дамжуулж алдагдсан чадамжийг сэргээж, яаж өөрөө өөртөө үйлчлэх, бусдаар хэлүүлэхгүйгээр өдөр тутмын хувийн ариун цэврээ сахих, өглөө, өдрийнхөө цайг өөрөө бэлтгэх зэрэг энэ бүх дадал хэвшлийг тухайн үйлчлүүлэгчид эзэмшүүлдэг. Мөн ганц хоёр удаа хэвтдэг, үе үе өвчин нь сэдэрдэг, удаан хугацаагаар үйлчлүүлдэг гэх мэт өөр өөр шалтгаантай хүмүүс маань гэртээ гарахаараа эмээ яаж тогтмол уух, яаж хэвийн болох, өвчин нь сэдэрснийг яаж таних вэ зэрэг арга аргачлалд суралцдаг.


-Гэртээ гарсан өвчтөнүүд бусдын нөлөөллөөс үүдэлтэй ямар шалтгаанаар ихэвчлэн буцаж ирдэг вэ?

 

-Сэтгэцийн эрүүл мэндийн өвчтөн эрүүл сэтгэцтэй, тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж гурав ангилдаг. Сэтгэгцийн эмгэгийг дотор нь дотоод болон гадаад шалтгаантай хоёр гэж ангилдаг. Дотоод шалтгаан нь бид бүхний хэлдгээр шизофрени болон сэтгэл хөдлөлийн эмгэгүүд. Гадаад шалтгаан нь тархины янз бүрийн гэмтэл болон уналт таталтын улмаас үүсч байгаа сэтгэл хөдлөлийн эмгэгүүдийг хэлдэг. Гадаад шалтгаантай эмгэгт мэдээж компьютер болон янз бүрийн бодисын хэрэглээ архины хэрэглээ зэрэг орно. Энэ нь донтох сэтгэцийн эмгэгт хамаардаг.


-Эдгээрх үйлчлүүлэгчдийг эмчлүүлээд гарахад нийгмээс ямар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг вэ?

 

-Хамгийн эхлээд ажлын байранд болон ар гэрийнхний хүлээж авч байгаа байдал маш чухал байдаг. Гэр бүлийн аль нэг гишүүнээ сэтгэцийн эмнэлэгт хэвтээд гарсан, гэртээ байгаа тохиолдолд тухайн хүнийг дуу дуулсан ч, уурласан ч өвчин нь сэдэрч байгаа юм болов уу гэсэн хандлагаар “Чи эмээ уусан уу” гэх мэтээр асуух нь өөрөө үйлчлүүлэгчийг буцаад бухимдуулах шалтгаан болж өгдөг. Ажил дээрээ очоод ямар нэгэн маргаан үүсэхэд "Энэ чинь шархадны эмнэлэгт хэвтэж байсан, өвчин нь хөдөлж байна" гэсэн иймэрхүү ялгаварлан гадуурхалттай холбоотойгоор эмчлүүлсэн хүмүүсийн өвчин нь буцаж сэдрэх болон өөрөө өөрийгөө дутуу үнэлэх, стрессдэх байдлууд үүсдэг.


-Өмнө нь уншиж байсан нэгэн эмчийн ярилцлагад шархадны эмнэлэг өвчтөнүүддээ 10, 20 жилээр хоцрогдсон эм өгдөг гэсэн байсан. Энэ талаар үнэн бодит мэдээлэл өгөхгүй юу?

 

-Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид сүүлийн үеийн олон улсад хэрэглэгддэг, гаж нөлөө багатай, сэтгэц нөлөөт эм хэрэглэдэг. Эмийн чанар, хангамж сайн.


-Хүүхдүүд сэтгэцийн эмгэг болон сэтгэл гутралтай болж байна гэх ярианууд сүүлийн үед ихээр гарах болсон. Цахим ертөнцөд харагддаг энэ мэт мэдээллүүд хэр бодитой байдаг юм бэ?

 

-Тиймэрхүү мэдээллүүдэд ихэнхдээ үндэслэлтэй судалгаа байдаггүй. Бараг л Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд тэргүүн байранд орлоо гэх мэтийн судалгаа гэсэн нэртэй, хандалт авах гэсэн далд санаатай зүйлүүд цахим ертөнцөөр их явдаг. Гэтэл тэр судалгаа нь үнэхээр Олон улсын судалгааны стандартын дагуу хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Хэрэв үнэхээр судалгаа хийж байгаа бол олон улсын шаардлага хангасан, шинжлэх ухааны суурьтай хандах ёстой. Тэгэхээр ихэнх хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр явдаг судалгаа гэх мэдээлэлүүд ор үндэсгүй байх магадлал маш өндөр байна.

 

Ямар ч судалгаагүй, худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах нь өөрөө буцаад маш сөрөг үр дагавартай. Амиа хорлолт гэж их ярих, 18-25 насныхан илүү их амиа хорлож байна гэх мэтийн баримтгүй мэдээлэл нийгэмд, төлөвшөөгүй хүүхэд залуучуудад буцаад сэдээгч хүчин зүйл нь болдог. Үнэхээр амиа хорлосон гээд байгаа тухайн хүн сэтгэл гутралд орсон байсан уу, эсвэл янз бүрийн гадны нөлөөтэй юу, бодисын хэрэглээнээс болсон уу гэдгийг хэн ч тогтоогоогүй, шалтгааныг нь тодорхойлоогүй байхад нас барсан хүн болгоныг “амиа хорлолт” гээд нийгэмд ил болгох нь хүүхэд, залуучуудад сөрөг бодол, үр дагавар авчирч байна.

 

Ер нь хэн дуртай нь гүйж очоод судалгаа хийх нь албан ёсны судалгаа биш. Наад зах нь асуумжаа хэрхэн боловсруулсан, судалгаанд оролцож байгаа хүмүүсээ яаж сонгон авч байгаагаас эхлээд судалгааны ажил эхлэх ёстой байдаг. Судалгаа явуулж байгаа хүмүүс нь өөрсдөө ёс зүйтэй, маш хариуцлагатай, ойлголттой байх хэрэгтэй. Энэ бүхэн нь өөрөө тухайн судалгаанаас гарах үр дүнд нөлөөлдөг. Зүгээр л гудамжинд явж байгаа хүмүүсээс хам хум авсан зүйлээ судалгаа гэвэл энэ нь маш асуудалтай. Тиймэрхүү судалгаагаар Монгол амиа хорлолтоор нэгдүгээр байранд орлоо, бага насныхан илүү амиа хорлож байна гэх мэт мэдээлэл өгөх юм бол ямар ч бодит бус, харьцангуй болж байгаа юм. Тиймээс ч нийгмийг цахим ертөнцөөр явж байгаа эх сурвалжгүй, ор үндэслэлгүй олон мэдээлэлд анхаарал хандуулахгүй байхыг хүсч байна.


-Хүмүүс сэтгэцийн өвчтэй хүнийг "галзуу" гэж их ярьж, тэр хэрээрээ нийгэм ялгаварлан гадуурхдаг. Энэ талаар нийгэмд ойлголт их дутмаг байна уу гэж ажиглаж байна?

 

-Анагаах ухаанд энэ төрлийн өвчлөлийг сэтгэцийн эмгэг, солиорох эмгэг гэж ярьдаг. Галзуу гэдэг нь өөрөө маш буруу ойлголт. Галзуу гэдэг бол халдварт өвчин шүү дээ. Бид хоолойны өвчтэй, эсвэл артерийн даралт нь ихэсдэг хүнийг ялгаварлан гадуурхдаггүй. Сэтгэцийн өвчин ч бусад өвчний л адил архаг өвчин. Адилхан эм уугаад, эмчилгээ хийлгүүлээд л явдаг. Ялгаа нь гэвэл сэтгэцийн өвчтэй хүмүүсийн нүдэнд харагдаж, гарт баригддаггүй сэтгэл гэдэг зүйл нь л өвдчихсөн байдаг юм. Иймэрхүү нийгмээс ирдэг гадуурхалт, буруу ойлголтуудыг засах нь манай өвчтөнүүдийн хувьд хамгийн чухал, эмзэг зүйл.

 

Жишээ нь, эмэгтэй хүн жирэмсэн болсонтой холбоотойгоор бие махбодод нь олон гармоны өөрчлөлт гардаг. Төрсний дараа сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн хувьд маш тогтворгүй болдог. Амархан баярладаг, амархан уйлдаг гэх мэт. Төрсөн ээжийг сайн унтаж амар, биеэ тэнхрүүл гэж ярьдаг нь тодорхой хэмжээгээр сэтгэцийн өөрчлөлтөд орохоос нь сэргийлж байна гэсэн үг. Нялх биетэй ээж удаан хугацаагаар ачаалал авч, унтаж амрахгүй байвал түр зуур сэтгэл санаа тогтворгүй болох ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тийм болохоор л бид бие болон сэтгэлээ эрүүл, тайван байлгах нь хамгийн чухал гээд байгаа юм.


-Хүмүүс сэтгэцийн сөрөг хандлагаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой  вэ?

 

-Дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлнэ гэдэг хэцүү. Гадаад шалтгаантай сэтгэцийн эмгэгээс хамгаалахын тулд өөрсдөө аль болох эрүүл, зөв амьдралын хэв маягаар л амьдрах хэрэгтэй. Янз бүрийн зүйлд хэт автахгүй байх ёстой. Тэрнээс хүний амьдрал хэзээ ч стрессгүй, тэгш дардан байна гэж байхгүй учир тэр болгоныг даван туулахад суралцах, өөрийнхөө асуудлыг яаж зөв зохицуулах зэрэг хамгийн энгийн арга барилуудыг эзэмших хэрэгтэй.


-Дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэгийн илэрдэг ерөнхий шинж тэмдэг нь юу байдаг вэ?

 

-Шинж тэмдэг бол янз бүр л дээ. Хамгийн наад зах нь нойргүйдэл, уур уцаартай болох гэх мэт. Гэвч бас нойргүйдлийг сэтгэцийн өвчний эхний шинж тэмдэг гээд хэлчихвэл хүн бүр ямар нэгэн байдлаар нойргүйддэг, ямар нэгэн байдлаар замын түгжрэлээс болоод ч юм уу стрессддэг. Энэ болгоныг сэтгэцийн эмгэгийн эхний шинж тэмдэг гэвэл өрөөсгөл болно.

Уур бухимдалтай, стресстэй, нойргүүдээд байгаа хүмүүс тулгамдсан ямарваа нэг асуудалтай л байна гэсэн үг. Тухайн үедээ сайн унтаж амраад, тайвшрах юм бол буцаад хэвийн, эрүүл сэтгэцтэй болно. Тэгэхгүй улам уур бухимдалтай олон хоног, сараар нойргүй яваад ирвэл нэг удаагийн янз бүрийн сэтгэцийн өөрчлөлтөд орох тохиолдол бий. Тэрнээс биш сэтгэцийн өвчний хамгийн эхний шинж тэмдэг нойргүйдэх, уур уцаартай болох гээд биччих юм бол хүмүүс маш буруугаар ойлгоно. Тэгээд биччихсэн ч тохиолдол их байгаа харагддаг. Сэтгэцийн асуудал нь өөрөө зарим бүлэг хүмүүсийн хувьд анхаарал татах, хандалт авах арга хэрэгсэл болчихсон байна л даа. Таван хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэх мэт мэдээллүүд явдаг нь л нийгмийг нэг талаар турхирсан хэрэг болчихоод байна. Бид өөрсдөө зөв мессежийг л өгөх хэрэгтэй.


-Сэтгэцийн эмгэгээр өвчилж байгаа хүмүүс дунд бөө нар их байдаг гэж яригддаг юм байна лээ?

 

-Бөө хүмүүсийг бүгдийг нь сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг бас бөө онгод нь ордог гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл үүнийг өнөөдөр батлаад, цаасан дээр буулгаад, судалгаа хийсэн зүйл байхгүй. Бид шинжлэх ухааны ямар эрин зуунд амьдарч байгаа билээ. Мэдээж сэтгэцийн өвчний шинж тэмдэг тухайн хүнд байна уу гэдгийг нь үзэж, оношилгоо тавьж байж л тодорхой болно. Түүнээс биш бөө хүн болгоныг сэтгэцийн өвчтэй гэх тийм эрх бидэнд байхгүй шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top