#CinemaRoom | ”Соёлын довтолгоо” соёлоор довтолж чадав уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

"Маск" продакшн, "Хүлэгү пикчерс"-ийн хамтын бүтээл “Соёлын довтолгоо” уран сайхны кино нэгдүгээр сарын 19-нд буюу өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийв. "Корпорэйт конвэйшн" центрт сүр дуулиантай нээлтийн товоо зарлаж, урлаг соёлын нэр нөлөө бүхий олон улс ч цуглуулсан харагдсан. 17.00 цагаас нээсэн кино 19.00 цагт эхэлж, үзэгч олонд багагүй хүлээлт үүсгээд байсан “Соёлын довтолгоо” өргөн дэлгэцнээ гарлаа. Харин бүтэн хоёр цаг, айхтар сунжирсан нээлтийн туршид хийх зүйлээ олж ядсандаа сайн бүтээл болсон эсэхийг нь эргэцүүлэн, эргэлзэн, хүлээж суув. 


Монголын хошин урлагт өөрсдийн байр суурь, өнгө төрхийг аль хэдийн тодорхойлсон “том айл”-ын цоо шинэ уран бүтээлд хүмүүс таатай байсан нь гарцаагүй. Цаг гучин минутын турш хөгжөөх, инээдмийн кино болсон байх гэж "Маск" продакшны үнэнч үзэгчид дотроо төсөөлж байсан болов уу. Харин киноны хамт олон өөрсдийгөө сорьж үзэх гэв үү, эсвэл шинэ оролдого хийхийг хүссэн үү, хэлж мэдэхгүй юм. Ямартай ч кино үзэгчдийн бодсон шиг байж чадсангүй. Харин одоо “Соёлын довтолгоо”-ны тухай мэргэжлийн хэдэн санал, шүүмж хэлэх нь зүйн хэрэг.  


Нэг. Соёлын довтолгоо гэж юу вэ?

 

1928-1990 он хүртэл Монгол оронд хэрэгжиж байсан “Орон даяар соёлын довтолгоо явуулах” нам засгийн шийдвэрийн тухай хэд хэдэн факт киноны уран бүтээлчдэд байсан нь тодорхой. Энэ бол Google-ээс ганц хайхад л гараад ирэх баримтууд.  Жишээлбэл, 1960 онд гарсан УАЦШБЕГ-ын даргын  8 тоот тушаалд “Нэг хүн жилд 52 удаа усанд орох бөгөөд нэг удаа орохдоо 45 минутаас багагүй хугацаагаар биеэ угаах тухай" заавар гаргаж байжээ. Мөн “Халуун усны газарт очиж, усанд орохдоо хиртэй хувцсаа аваачиж угаахыг хориглосон” тухай ч мэдээлэл бий. Үүнээс улбаалан хөөж үзэхэд киноны санаа их энгийн зүйлээс ургасан байх нь. Зохиол ингэж л төржээ гээд дүгнэчихэд болно. Кино зохиолын гол зөрчил зөвхөн энэ хэдэн фактуудыг л тойрон эргэлдсэн учраас тэр.


Хөдөөгийн замд цэвэрхэн хувцаслаж, нэг нь гартаа гэрлийн чийдэн барьсан хоёр эр киноны эхлэл, өрнөл, төгсгөл гээд кинонд нийтдээ гурван удаа гардаг. Үйл явдлыг холбох, нөгөөтэйгүүр билгэдлийн үүрэгтэй дүр кинонд оруулж ирсэн нь хөөрхөн санаа, оролдлого. Тараг ууж байсан хүүхдийнхээ аягыг аван, өөрөө долоож цэвэрлээд, савтай тарагнаас хутган уйлж байсан хүүхдэдээ өгч байгаа дараагийн хэсэг магадгүй киноны туршид үргэлжилсэн бол үзэгчдийн сэтгэгдэл өндөр, хүлээж байсан “инээд”-ийг өгөх байв. Гэвч өнөөх инээд тийм ч удаан үргэлжлээгүй нь жаахан харамсалтай.  


Засгаас томилогдсон ариун цэврийн байцаагч өөрийн арга барилаар хөдөөгийн малчин иргэдэд соёлын довтолгоог хэрэгжүүлэхийг оролдоно. Түүний балмад, хэрцгий үйлдлүүд инээдмийн гэж таамаглаж байсан киног эсрэгээр өрнүүлчихэв. Эцэс төгсгөлгүй сэтгэл түгшим хэсгүүд, хүчирхийлэл дэлгэцээр гарна. Жүжигчин С.Мөнхсайханы бүтээсэн ариун цэврийн байцаагчийн дүр дараагийн дүрээ тодотгоно гэж найруулагч ажилласан бололтой. Зөвлөлт холбоот улсад боловсрол эзэмшиж ирсэн цэвэрч нямбай, ганган, хамгийн гол нь СОЁЛЧ  залуу хөдөөгийн буйдад аж төрөх хэсэг бүлэг хүмүүст жинхэнэ утгаар нь соёлыг түүчээлнэ. Үүний хажуугаар сумын эмнэлгийн эмч, малчин залуу, хотын соёлч залуу гурвын дунд хайр дурлалын сунжирсан романс үүснэ.


Соёлын довтолгоо, хайрын гурвалжин гэх хоёр үндсэн шугам кинонд явах ч яг юу болоод байгааг үзэгчид ойлгоход бэрх. Хэтэрхий хүнд илэрхийлэх гэсэн оролдлогоос болж киноны үндсэн санаа бүдгэрч орхижээ. Үзэгчдийг төөрөгдүүлэхээс зайлсхийх бол кино бүтээх хамгийн эхний дүрэм. Энэ бол кино зохиолоо бүрэн зангидаж чадаагүйн алдаа юм. Иймээс нэг л зүйлийг хэлмээр байна. Зохиол, зохиол бас дахин зохиол...


Хоёр. Burberry алчуур ба улаан кет

 

Сүүлийн үеийн монгол кино үзэхээр “доромжлуулчихсан” юм шиг мэдрэмж авах болсноо нуух юун. Энэ бодолтой олон залуус санал нэгдэх байх. Зарим киноны танилцуулга, постер зураг гэхэд үнэхээр ичмээр, болхи, бүдүүн баараг харагддаг. Продюсерын ажлыг зөвхөн мөнгө олох үүрэгтэй гэх буруу ойлголтоос продакшн болон продюсерын хийх ёстой үндсэн ажлууд орхигдож, энэ нь киноны амжилтыг хойш татсаар байна.


Киноны дараагийн хэсэгт багийн даргын эхнэр болох эгчдээ гадаадаас ирсэн СОЁЛЧ дүү нь Burberry-гийн эрээн алчуур бэлэглэдэг. Харин Burberry брэнд үүссэн цагаасаа хойш цэрэг, армийн олон хувцас хийсээр 1990 онд Burberry нэрээрээ тогтож, үндсэн лого болох эрээн өнгө нь дэлхий даяар эл алдарт брэндийг цурайтуулсан түүхтэй. Харин "Соёлын довтолгоо" кинонд гардаг 30 жилийн тэртээх ирээдүйгээс ирсэн Burberry эрээн алчуур кино зураачийн олон сайхан ажлуудыг баллаж хаях нь тэр. Ийм л учраас кинонд жижигхэн ч бай алдаа гарахыг хүлээн зөвшөөрч болохгүй.


Үүний дараагийн хэсэгт ч мөн л соёлыг өөрийн биеэрээ үлгэрлэн, жинхэнэ “довтолгоо” болж байсан гол дүрийн залуу маань дахиад л орчин үеийн, хачин улаан өнгийн кет өмссөөр халуун усны газарт орж ирэв. Бас л хэдэн жилийг түүчээлэн ирээдүйгээс ирсэн гутал. Кино бүтээгчид зохиолоо олсон шиг замаар бусад хүчин зүйлсээ хайсан бол иймэрхүү жижиг алдаанууд гарахгүй байх сан. Гэвч миний олж харсан жижиг алдаанууд л тухайн кинонд 10-5 үнэлгээ өгөхөд хүргэв. Ийм үнэлгээ өгөхөд "Маш хангалттай" алдаа гэж дүгнэж байна.  


Гурав. Киног аварсан хүчин зүйлс хийгээд ТӨГСГӨЛ-ийн тухайд

 

“Соёлын довтолгоо” киноны найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан бол гол дүрд М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Х.Цасчихэр нар ажиллажээ.


Киноны зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт авсан байна. Яг үнэндээ киног байгалийн үзэсгэлэнт зураглал бүхий "Общий план"-ууд хийгээд жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэнгийн өгзөг хоёр л аварч гарсан гэхэд хилсдэхгүй. Эцэст нь киноны бүх дүрүүд ямар ч үр дүнд хүрсэнгүй ээ. Яг л анхнаасаа хэн нь ч дүрээ ойлгоогүй, тээшгүй явчихсан юм шиг л. Харин үзэгчид “Юу болоод өнгөрчихөв өө?” гэх гайхшрал дүүрэн танхимаас гарсан. “Соёлын довтолгоо”-гоор эмгэнэлт эсвэл инээдэмт түүхийн аль нэгийг үзүүлэх гэсэн нь холион бантан болоод дууслаа.

 

Улмаар киноны төгсгөлд халуун усны байранд хоёр хүн шатаж, амиа алддаг. Киноны эхлэлд чийдэн барьж явсан хоёр залуу ямартай ч нэг гэр олоод иржээ. Тэд чийдэнгээ тогонд холбов. Олон өнгийн гэрэл тэр дороо зурсхийж, Улаанбаатарын соёлжсон өнөөгийн нийгэм нүдний өмнө харагдана. Бидний одоо амьдарч буй энэ нийгэм хоёр хүний үнэтэй, магадгүй түүнээс ч олон хүний үнэтэй, үнэ цэнэтэй юм шүү гэх санааг илэрхийлэхийг хүссэн байж болох. Гэвч киноны эхлэл, төгсгөл нь л “сонин”, бусад хэсэг нь яг л дутуу болсон хоол шиг шингэж өгөхгүй, амаар ч давахгүй байвал яах вэ? Энэ бол асуудал. Сонин зүйл их байна. Гэхдээ бид асуудлаа шийдэж байж жинхэнэ киног дэлгэцэнд гаргадаг болно. Хамгийн гол нь "мэргэжлийн" байх.

 

Эцэст нь, "Соёлын довтолгоо" соёлыг мэдрүүлж чадав уу?, соёлыг үзүүлж чадав уу гэдэг асуултыг үзэгчдээс асууя. Эргэлзэж байвал та очиж үзээд, дүгнээрэй!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(66.181.161.101) 2019 оны 02 сарын 09

Estoi ontsgui kino bnlee uzsendee haramsd garj irsen

0  |  1
Odko(124.61.124.16) 2019 оны 02 сарын 09

Mash muu kino bolson bna lee uzeed haramssan biziness bish urlag uran buteel talaas ni harmaar yum medleg medeelelgui humuus ih bolj dee

0  |  1
111(202.179.25.74) 2019 оны 02 сарын 09

инээдмийн жанартай кино төгсгөл маш хүнд санагдсан. ер нь бол тааруу кино болсон байна лээ.

0  |  1
Hhhhh(202.179.18.92) 2019 оны 02 сарын 09

Hooson tolgoitoi alia salbadainuud unshihgui sudlahgui buun duu yarij bgad neg yum hiicheed uran buteel gd oriloldood bdgin

0  |  1
Top