Монгол Улсын Засгийн газраас 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2019.01.31-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойшх хугацаанд гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 оны тавдугаар сард дуусгасан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны сайд Компакт гэрээнд 2018.07.27-ны өдөр гарын үсэг зурсан байдаг.
Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлнэ. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээдэг. Монголын талаас гаргах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцож байна.
Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулна. Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )