Ерээд оны өмч хувьчлалын үйл явц, хэрэгжилтээс улбаатайгаар манай хөрөнгийн зах зээлд хувьцааны хэт төвлөрөл бий болж, нээлттэй хувьцаат компани (ХК)-ийн засаглал, менежментийн зарчим алдагдан, хувьцааны хөрвөх чадвар суларч, улмаар зах зээл бүхэлдээ өсөлтгүй зогсонги байдалд орсон сургамж бий. 2018 оны жилийн эцсийн дүнгээр хувийн өмчийн эзэмшилд байгаа нийт 10.4 тэрбум ширхэг хувьцааны 93.2 хувь нь ердөө 1024 хувьцаа эзэмшигчийн гарт байна. Эдгээр 5 ба түүнээс дээш хувийг эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн 0.31 хувь нь юм.
Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ төвлөрлийг бууруулах, цөөхөн хувьцаа эзэмшигчид болон гэр бүлд хэт төвлөрсөн ХК-ийг өөрчлөн шинэчлэх, цаашид төвлөрлийг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтлан ажиллаж байна.
Олон улсын томоохон арилжаа эрхлэх байгууллагууд буюу хөрөнгийн биржүүдийн туршлагыг судлан үзэхэд, анх олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компаниудад нийт хувьцааныхаа 20-30 хувийг нийтэд арилжих шаардлага тавьдаг бөгөөд олон нийтийн эзэмшилд байх хувьцааны доод хэмжээнд дүйцүүлэн хувьцаа эзэмшигчдийн тоог тогтоож өгдөг байна.
Олон улсын биржүүд
Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж буй компаниудад нийт хувьцааныхаа 25-аас доошгүй хувийг олон нийтэд арилжаалах шаардлагыг тавьж, анхдагч зах зээлийн арилжаа бүр амжилттай болж байна. Ийм шаардлагыг дэлхийд танигдсан олон улсын биржүүд бүгд ямар нэгэн байдлаар тавьдаг бөгөөд Euronext бирж, Лондонгийн хөрөнгийн биржид энэ шаардлагын хувь хэмжээ 25 байдаг бол Торонтогийн болон Австрали 20 хувь байдаг гэдгийг СЗХ мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )