Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.
Уг зарлигаар “Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залахаар тогтоожээ. Мөн жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосон байна.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Зарлиг хүчингүй болгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.
Түүнчлэн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 341, 348, 353 дугаар, Журам шинэчлэн батлах тухай 354 дүгээр тогтоолуудыг нийтэлсэн байна.
Уг тогтоолуудаар Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам, Инновацийн тэргүүлэх чиглэл тодорхойлох журам, Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журмуудыг баталсан бөгөөд эмхэтгэлд эдгээр журмуудыг бүрэн эхээр нь нийтэлжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )