...Арван тавны мөнгөн сар шиг Асгарсан бумбан хөхийг үнсэхэд...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Zindaa.mn  сайт яруу найргийн буландаа “Мөнгөн үеийнхэн”-ий бүтээлээс сорчлон нийтлэхээр боллоо. Энэ удаа цөөвтөр найрагчийн шүлгийг толилуулъя.

Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай! 

 

Залуу зандан насандаа хүн чулууг ч гэсэн хазаад авахтун

                                                                                                      Мягмарын Амархүү

 

Ихэмсэг шүлэгчийн цадиг

Тэнгэрийн дарс мэт исгэлэн

Тэргүүн ихэмсэг явнам, би    

Өнгө тунамал рашаан мэт

Өвгөн шувуу эргэцээд

Алиахан төрхөө тольдон

Алтан далиа сэгсрэхэд

Амсая, амсая гэж

Алиахан хүүхнүүд,

Адтайхан дуун алдах

Тэнгэрийн дарс мэт исгэлэн

Тэргүүн ихэмсэг явнам, би

Сөн дарс амсаж

Сүмүн өвс шиг найгаад

Явнаа, сар хүртэл явна

Янагийн найранд очъё гэж

Сүмбэ гоо хүүхнүүд

Сүүдрээ загнан... согтуурхах  

Тэнгэрийн дарс мэт исгэлэн

Тэргүүн ихэмсэг явнам, би

Тэгээд хүүхнүүд

Тэр үзэмжит ваар дарсыг

Тэвэрье, тэврээд хоноё гэж

Тэсгэлгүй дуун алдаад          

Тэрлэгээ тайлж чулуудмаар

Тэнгэрийн дарс мэт исгэлэн

Тэргүүн ихэмсэг явнам, би

 

Үдшийн шүлэг

Өнөө л бүрэнхий тасрахад

Өрөөлийн амрагийг тэврээд

Үүр шөнийн мөнгөн булаг шиг

Үргэсэн хар нүдийг нь үнсэхэд

Зүүн авдрын

Зүмбэр арслан

Өргөн тавгаа дэвсэлж

Өлзий чиг хээнээсээ

Өндийж босоод шилгээнэ

Өрцний цаана навчис тасарнам зээ

Ахиад л  бүрэнхий тасрахад

Айлын хонгорыг тэврээд

Арван тавны мөнгөн сар шиг      

Асгарсан бумбан хөхийг нь үнсэхэд

Баруун авдрын баримал арслан

Алтан зогдроо сэгсэрч

Алхан чиг хээнээсээ

Архирч босоод сунайна

Аюулхайн цаана богширго дэрвэнэм зээ

Мөнөөх л бүрэнхий тасрахад

Мөр замын амрагуудаа орхичихоод

Өрсөн жаргалаа халхаж

Өөрийн ганц ханиа үнсэхэд

Хул хонгор арслан

Хумхын тоос ч хөдөлгөлгүй

Хурмастын дор

Хурхирнам заа...

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top