Энэ өдөр хэний ч сэтгэлд жавар даасан гуниг хургамгүй гэгээн аялгуу цалгина

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Өнөөдөр Эх үрсийн баярын өдөр. Ээж, аав, хүүхдүүд цөм баяр хөөртэй. Бас бяцхан гунигтай ч байхаа магадгүй. Гэхдээ ямар ч гуниг хургамгүй хөг аялгуутай цаг мөчүүд.

Эрээн бараантай амьдрал юм хойно доо. Жаргал зовлон ээлжлэн байдаг хорвоод хүн болж төрсний нэгэн баярт энэ өдрийг монголчууд цугаараа хамтдаа цэнгэж баясан өнгөрөөж байна.

Нялх ногооны үнэр, гол горхины харгиа, малын хөлийн тоос, хурга ишиг, муур нохойн дуу цөмөөрөө  сайхан. Ангир уургийн үнэр,  ээжийн сэтгэлийн гэгээ, энэ бүхэн хослон уянгалж,  айл өрх бүр инээд баясалтай байгаа. Сэтгэл эмзэглэм муу мэдээ ч ийм үед чихнээ үл анзаарагдах буйзаа.

Орц хонгилд хоног төөрүүлэн яваа хаягдмал, гээгдмэл хүүхдүүд ээж, ааваа эрэлхийлсэн харцаар хүмүүсийг ширтэх ч, тэд Эх үрсийн баярыг зүрхээрээ мэдэрч байгаа нь лавтай. Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр дэлхий нийтээрээ хагацал, өнчрөлгүй явахсан гэж бодож ч байхаа магадгүй.

“Нарантуул зах”, хөдөөгийн буйдхан сууринд амьтан хүний ачаа тээгээд, амьдралаа дээр нь давхар үүрээд сэтгэл өөдрөг гүйлдэх хүүхдүүд цөөнгүй. Тэнд гудиггүйхэн алхана. Ирээдүйгээ хол харж яваа биз ээ.

Бор дарсанд амь амьдралаа даатгасан мэт өөртөө зовлон өвөртөлсөн золгүй гэгдэх иргэд маань ч бас баяраар дүүрэн... Гэхдээ итгэлийн цог залиа өргөх нэрээр өнөөх сархдаа сөгнөж буй. Гайхах юм юу байхав. Тэднийгээ ч энэ өдөр гэгээн хайраар угтах сайхаан. Магадгүй, тэд хэзээ нэгэн цагт үе удмаараа Монголоо дэлхийд дуурсгах ч юм билүү.

Алт ухаж нинжа гэх нэр зүүсэн аав ээжүүдийн зарим нь үхэлтэй тэрсэлдэн уулын мухарт  галаа өрдөн хүүхдүүдээ баярлуулж байгаа.

Уурхайн тээвэр, ер ямар л ажил олдоно, түүний төлөө бие сэтгэлээ зориулагчид сайхан бүхний эхлэлийг тавьж буйд бяцхан хүүхдүүд маань итгэлтэй байгаа.

Алсад, харийн оронд хөлсөө дуслуулан ажиллаж, цаг зав гарахаар хүүхдүүд, ээж аавуудтайгаа утсаар, интернетээр харицлагч монголчууд маань цөмөөрөө эх орон руугаа ширтэн суугаа.

Оюунтан нас, сурагч ахуй цагийн инээд бүхэн эх үрсийн энхрий дуунаар улам нялхамсана. Эх үрсийн баяр ийм л сайхан.  

Баяр хөөр дүүрэн бялхах энэ өдөр дуусахгүй, мөнхөд үргэлжилнэ гэсэн хонгорхон үрсийн төсөөлөл ямар агуу вэ.

Энэ өдөр хэний ч сэтгэлд жавар даасан гуниг хургамгүй гэгээн аялгуу цалгина

Эх үрсийн баяраар ийнхүү хол, ойрыг төсөөлөн, Zindaa.mn сайтаар сэтгэгдлээ илгээгээрэй. Сайхан баярлаарай. Аз жаргалыг хүсье.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал          

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top