Олон улсын хүүхдийн баярын өдрөөр хамгийн их ачаалалтай байдаг байгууллага бол Үндэсний соёл амралтын хүрээлэн билээ. Тус байгууллага сүүлийн хэдэн жил засвар хийгээд үйл ажиллагаа нь хаалттай байсан учраас энэ жилийн хувьд бяцхан үрсдээ олон гэнэтийн бэлэг барьж байгаа аж. Өнөөдөр баярын арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож дуучин Нара, “Нэгэн зүгт”, ВХ, Эгшиглэн, Агиймаа нар ая дуугаа өргөх гэнэ.
Хүүхдүүд тус газар зочилсноороо эргэдэг дельфин, сансрын хөлөг, саран савлуур, дээрэмчний онгоц, мэлхийн үсрэлт, галзуу хулгана гээд олон тоглоомоор тоглох боломжтой. Мөн өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн 02 цаг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрвээ хүн ихтэй байвал шөнөжин ажиллаж хамгийн сүүлийн хүнийг тоглож дуусахаар хаана хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна. Сонирхуулахад, 14.30-19.00 цагийн хооронд баяраа тэмдэглэхээр ирсэн хүүхдүүдийн дунд дуу, шүлэг, АХА тэмцээн зохион байгуулдаг юм байна. Шалгарсан хүүхдүүдэд зөөлөн тоглоом бэлэглэж байна лээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү ороход 1000 төгрөг төлнө. Нэг тоглоом 4000-5000 төгрөгийн үнэтэй. Ингээд бодохоор гадаа талбай дээрх бүх тоглоом өртөгтэй аж. Гэхдээ эднийх хүүхдийн баярыг тохиолдуулаад багцын үйлчилгээг нэвтрүүлжээ. 20000 төгрөгийн багцын карт аваад найман тоглоом дээр тоглож болох юм байна. Гэхдээ бүх тоглоом үнэтэй биш аж. Таван нас хүрээгүй хүүхдүүд үнэгүй тоглоомын талбайд тоглоцгоож байгаа юм байна. Агаарын дугуй тоглоом дунд байрлах энэхүү талбайд гулгуур, саравч гээд бага насны хүүхдэд зориулагдсан тохижилттой ажээ. Мөнгөгүй байсан ч эцэг, эхчүүд хүүхдээ авчраад баярлуулж болох юм байна. Харин энэ сарын 3-нд лазерын томоохон шоу болох бол 4, 5-нд гэр бүлийн баярын өдрийг тохиолдуулан уралдаан тэмцээн зохион байгуулагдах аж.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )