Н.Энхбаяр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ түүхт өдөр эхээс мэндэлсэн гэдэг. Тэрээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа Их тэнгэрийн цогцолбортоо гэр дүүрэн хүүхдүүдийг цуглуулан хамт хооллож, сургамжийн үгээ хайрлан суудаг сан. Хүчтэй удирдагч мэт харагдах гэж ийнхүү хичээдэг байсан гэж өөнтөгч нэг нь түүнийг баална. Үнэхээр хүүхдүүдийг тойруулаад инээж суух нь Оросын хувьсгалын их удирдагч В.И.Ленинг санагдуулдаг байсан байж магадгүй л дээ. Гэхдээ тэр Ленин биш. Хойд дүр нь ч биш. Харин нэгэн интернет сайтад түүнийг Монголын их хаадын үр сад гэх маягийн юм бичсэн байсан. Тэр нь бас арай биш байх. Гэлээ ч гэсэн Н.Энхбаяр цагтаа хувьсгалын их удирдагч мэтээр өөрийгөө хүмүүст ойлгуулах гэж оролдож байсан нь үнэний хувьтай хэмээн зарим эх сурвалжууд одоо дурсан ярьж байна. Төрсөн өдрөөр нь энэ удаа харин түүний дэргэд хүүхдүүд байхгүй байгаа. Намынх нь салж одсон нөхөд түүн рүү баяр хүргэж утас цохих нь ч ховор. Зөвхөн шинээр байгуулсан МАХН-ынх нь цөөн хэд л түүнд төрсөн өдрийн мэнд дэвшүүлж буй бололтой. Тэдгээр хүмүүсийн дотор анх Н.Энхбаяртай хамтраад МАХН-ыг дахин байгуулж байгаагаа нийтэд зарласан С.Молор-Эрдэнэ алга. Тэр Н.Энхбаярыг дагаж их улс төр рүү хөл тавихаас жийрхсэн гэнэ. Үзэл санааны хувьд ч хол зөрүүтэй болох нь С.Молор-Эрдэнэд анзаарагдсан болов уу. Герман боловсролтой энэ залуу Н.Энхбаяртай ч, Н.Энхбаяргүй ч улс төрийн өндөрлөг өөд алхаж чадна гэсэн өөрийн бодолтой нэгэн ажээ. Тиймээс зам мөрөө хөөн зайгаа авч алхахаар шийдсэн байна. Н.Энхбаярын хувьд төрсөн өдрийн баяраа ийнхүү улс төрийн залуухан найзгүйгээр, эрх баригч “дайсан”-тайгаа хэрүүл тэмцэлээ хийсэн шиг ээ өнгөрүүлж байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )