Цагдаагийн ар гэрийнхэн Ж.Батзандан, О.Магнай нарын хэргийг дахиж сэргээн шалгахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Долоодугаар сарын 1-ний хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан Амарболдоос гадна цагдаагийн 24 ажилтан, албан хаагч шалгагдаж байна. Тэдний хэргийг өршөөлийн хуульд хамруулаад байснаа сүүлд нь Д.Дорлигжав Ерөнхий прокурор болмогцоо дахин мөрдөн шалгахаар болсон юм. Одоо мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл өчигдөр “Цагдаагийн ажилтан ба ар гэрийнхний холбоо”-ноос тэднийг өршөөлийн хуульд хамруулахыг шаардав. Тус холбооны тэргүүн Ж.Алтангэрэл урьд нь ийм хүсэлт, шаардлагаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлж байжээ. Цагдаагийн ажилтнууд тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаа нь хууль бус явдал хэмээн тус холбооныхон үзэж байна.  Мөн нэгэнт өршөөлийн хуульд хамруулсан хэргийг дахин сэргээн шалгах үндэслэлгүй гэжээ. Харин 7 сарын 1-ний хэргийг анхнаас нь өдөөн турхирсан Ж.Батзандан, О.Магнай нарыг дахин шалгах хэрэгтэй гэж цагдаагийн албан хаагчид болон ар гэрийнхэн нь төр засгийн өндөрлөгүүдээс шаардсан байна. Прокурор Ё.Сагсай урьд нь “Ж.Батзандан, О.Магнай нарын хэрэг нотлогдсон” гэж хэлж байсныг тус холбооныхон энэ удаа дахин сануулж ийнхүү шаарджээ. Үймээний үеэр 520 цагдаа биедээ янз бүрийн гэмтэл авсан гэдэг. Тэдний 190 нь одоо дахиад эмнэлгийн шинжилгээнд хамрагдах болоод байгаа ажээ. Нэг хүн шинжилгээ хийлгэхэд дунджаар 250 мянган төгрөг шаардлагатай юм байна. Иймээс энэ бүх зардлыг нь бас Ж.Батзандан, О.Магнай нараас гаргуулахыг цагдаагийн ар гэрийнхэн шаарджээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал        

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top