Ерөнхийлөгч Москвагийн их сургуульд лекц уншлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Орос орны төдийгүй дэлхийн тэргүүлэгч сургуулиудын нэг, шинжлэх ухаан, соёл, түүхийн судалгааны төв болсон М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочилж, тус сургуулийн эрдэмтэд, багш оюутнуудад "Дэлхийн цаг агаарын өөрчлөлт" сэдвээр лекц уншлаа.

Улам бүр хурдацтай нэмэгдэж байгаа дэлхийн дулаарал хүн төрөлхтний амьдралд ямар өөрчлөлт авчирч байгаа, хүмүүс бид өөрсдөө дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах талаар юу хийж болох тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санал бодлоо эрдэмтэд, оюутнуудтай хуваалцлаа. Тэрээр хэдэн мянган жилийн турш байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж, байгалд ээлтэй байдлаар аж төрж ирсэн нүүдэлчдийн амьдралын онцлогийн талаар ярьсан.Багш, оюутнууд Ерөнхийлөгчтэй дэлхийн цаг уурын өөрчлөлт хүний үйл ажиллагаанаас болж байна уу, эсвэл байгалийн үйл явц уу, 20 жилийн дараа манай дэлхий ямар болох, уул уурхайг хөгжүүлэхийн сөрөг тал болох газрын доройтол, усны хомсдлыг хэрхэн шийдвэрлэх, Хөвсгөл нуурын гүнд шумбах талаар төлөвлөж байгаа эсэх зэрэг олон сонирхолтой асуудлаар асуулт тавьж харилцан ярилцлаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top