Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2019.04.05/ гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.
Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүд бид ард түмнийхээ төлөөлүүлж олгосон эрхийн томилолтоор төрийг түшиж яваа учир төрийн ёс зүй, сахилга, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай. Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлагын дүрмийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг Ёс зүйн хороонд чиглэл болгож байна” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэж үзвэл 1-рт Шүүх засаглалаа цэгцлэх, 2-рт Улсын Их Хурлын нэр хүнд унасныг засах шинэчлэл хийх, 3-рт Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 үндсэн дүгнэлт гарч байна.
Улс эх орон, Монгол хүнийг хөгжүүлэх эрхэм зорилгодоо хүрэхэд туслах зөөлөн хэрнээ том хүч нь Монгол хүний хөгжлийн төлөө эв нэгдэл юм. Учир утгагүй улс төржилт, талцал хуваагдлыг эхлэн эцэс болгож баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандая. Хамтраад бүгдээрээ бурууг засах, зөвийг тохинуулах үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна.
Засгийн газрын сайд тус бүр ард түмэндээ өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Зуны сар зургаа бишээ. Эдийн засгийн ирээдүйн төлөв байдал экспортыг эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна.
Төмөр зам, газрын тосны үйлдвэр барих, Тавантолгой болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүргэх, ажлын байр олноор бий болгож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж хэлсэн үгийнхээ төгсгөлд “Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой асуудал олон байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно. Тиймээс Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Эрхэм гишүүд Та бүхнээс хүсье” гэсэн юм.
УИХ-ын 2019 оны хаврын нээлтийн ажиллагааны нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүдийн хурал болох юм. Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болсонтой холбогдуулан дадлага хийх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )