“Хувьсгалын тохироо бүрдэнэ” гэдэг үг Монголд жинхэнэ биеллээ олж байх шиг. Яасан гэхээр, Японд атомын цахилаан станц дэлбэрч,улмаар япончууд эрчим хүчний эх үүсвэртээ санаа зовинон дизель түлшийг асар их хэмжээгээр “жоорлосон” гэнэ. Үүнээс болж арабчууд оодорч, оросууд дизель түлшний хомсдолд орж биднийг хөлдөө чирсэн бололтой. Үүний нөлөөгөөр манай оронд түлшний хомсдол үүсч олон салбаруудад нөлөөлөөд байгаагийн нэг нь нийтийн тээврийнхэн.
Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал зарлан, автобусны үнийг нэмэх талаар мэдэгдэл хийсэн билээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг НЗДТГ, Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргаагүй учир зургадугаар сарын 1 хүртэл хуучин үнэ буюу 300 төгрөгөөр үйлчлэхээр болоод байсан юм. Харин тэд мэдэгдсэн ёсоор өнөөдрөөс тасалбарынхаа үнийг 100 төгрөгөөр нэмж, 400 төгрөгөөр үйлчилж байна. Тэдний хэлснээр Засгийн газар татаасны асуудлаа шийдэхгүй удааширч, нийслэлийн Нийтийн тээврийн газраас асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхгүй байгаа учир үнээ нэмэхээс аргагүйд хүрсэн аж. Харин “Автобус-3” компани ямартай ч энэ сарын 15 хүртэл үнээ нэмэхгүй гэсэн бол цахилгаан тээвэр компанийн троллейбуснууд 200 төгрөгөөр үйлчилж буй хэвээр байна. Хувийн хэвшлийнхэн Нийтийн тээврийн газартай өнөөдөр ярилцаж, эцсийн шийдвэр гаргах аж.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )