Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Төрийн ордонд мэдээлэл хийж байна /2019.04.09/. Хэвлэлийн бага хуралд Ё.Баатарбилэг сайдтай хамт зарим багш нарын төлөөлөл оролцож, удахгүй болох "Багш нарын VII их хурал"-ын талаар мэдээлэл өгч байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийнхээ эхэнд "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор "Багш нарын VII Их хурал"-ыг зохион байгуулах шийдвэр гарсан. Манай яамнаас Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ сарын 11, 12-нд зохион байгуулна. Багш нарын Их хурлууд түүхэн ач холбогдолтой зохион байгуулагдаж байсан. Тухайн цаг үеийнхээ багш нарын нийгэм, хөгжлийн асуудлыг харах толь болж байсан нь харагдаж байна. Энэ удаагийн хуралд 800 орчим багш оролцоно. Монгол Улсын бүх сумын багш нар оролцоно. Их хурлаа "Сайн багш, сайхан ирээдүй" гэсэн уриан доор зохион байгуулахаар төлөвлөж байна" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Багш нарын ёс зүй, сахилга баттай холбоотой асуудлыг хөндөнө. Багш нар маш өндөр ёс зүй, хариуцлагатай ажиллах ёстой. Мөн багш нарынхаа нийгмийн асуудлыг хөндөн ярилцана. Эцэст нь багш нар, боловсролын салбартай холбоотой хууль, эрх зүйн орчинг ярилцана. Энэ жил боловсролын салбарын багц хуулийг УИХ-д өргөн барина. Энэ мэт асуудлаар багш нартайгаа хоёр өдрийн турш ярилцана. Энэ жилдээ багтаж их, дээд сургуулийн багш нарыг мэргэжлийг дээшлүүлдэг төвтэй болно. Учир нь, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг нэг ч төв байдаггүй" гэв. Тэрбээр мэдээллийнхээ үеэр сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн юм.
-Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй гэсэн. Энэ нь тухайн бүртгэлийн хугацаанд зургаан нас хүрээгүй бол бүртгэхгүй гэж ойлгож болох уу?
-Зургаан настай хүүхдүүдийг ямар нэг уралдаант шалгарлуулалтгүй сургуульд оруулах ёстой. Зарим сургууль хандив авч оруулдаг. Өмчийн хэлбэр, харгалзахгүй зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний төлбөртэй бүртгэж, хүүхдүүүдийг сонгож авдаг. Үүнийг зогсооно.
Хоёрдугаарт, зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Эцэг, эхчүүд хүүхдээ нас нь хүрээгүй байхад сургуульд өгч байна. Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тухайн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэж авна. Сургууль сэтгэлзүйч ажиллуулдаг байх ёстой гэж үзэж байгаа.
-Багш нарын ачааллыг бууруулах хүрээнд ямар ажлыг хийх вэ?
-Багш нарын Их хурал болох гэж байгаа учраас багш нартай холбоотой асуудлыг хөндөж байна. Багш нараас 419 жагсаалт гаргуулсан. Орон нутгийн засаг захиргаа, боловсролын газрын даргын тушаалаар хүчингүй болгох, БСШУС-ын сайдын тушаалаар хүчингүй болгох ажлууд явагдана. Есдүгээр сарын 1-н гэхэд багш нарын ачаалал буурсан байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 2 )
ЕБС-н багш нарын цалинг өсгөх, УБИС-г төлбөргүй, стипендтэй болгоод оюутан сонгон шалгаруулалтаар элсүүлэх зэргээр багш нарын чанарыг эрс дээшлүүлэхгүй бол бид боловсролгүй харанхуй ирээдүйтэй болох гээд байна
6-8 настангуудад эхлээд нийгэмшүүлэх, нийгмийн харилцаа, хүмүүс хоорондын харилцаанд орох чадвар суулгах программ түлхүү оруулмаар байна. иймд бага ангийн багш нарыг энэ чиглэлээр нь бэлтгэх хэрэгтэй. үүний дараа тэд шинжлэх ухаанаа заалгана биз. Манай боловсролын салбар яалт ч үгүй шинэчлэл зоримог алхамууд хийх болчихсон, хоцрогдсон салбар шүү.