Д.Дорлигжав Оросын мафийнхны шахаанд орж С.В. Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болгосон уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


Монголчуудыг сүүлийн дөрвөн жилийн турш сандаргасан, бас хэлмэгдүүлсэн гэж хэлж болох Оросын олигархи С.В.Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болгосонд нийгэм тэр аяараа бухимдах янзтай. Паушок гэж чухам хэн бэ гэдгийг монголчууд дэндүү сайн мэдэх болсон байх. Тэрээр Заамарт алт ухаж Орос руу татваргүйгээр шахуу хэдэн жил зөөсөн, байгаль орчныг хамгийн ихээр сүйтгэсэн, татвараас бултсан, хүний амь хороосон гээд ёстой есөн шид нь бүрдсэн этгээд байлаа. Манай нэмэгдсэн өртгийн албан татварыг тэр төлөхгүй гэж Олон улсын шүүхээр зарга үүсгэсэн боловч дөрвөн жил маргалдсаны эцэст Монголын тал саяхан ялсан юм. Паушок манайд арав гаруй жил байгаль сүйтгэж 25 тонн  алт олж авсан гэдэг. Үүний татварт манайх нэлээд их хэмжээний мөнгө авах ёстой байлаа. Мөн түүний Оросын нөлөө бүхий банкуудаар дамжуулан манай банкинд авчирч угаасан мөнгөний талаар асуудал сөхөгдөж байлаа. Үндсэндээ тэр залилангийн Монгол дахь томоохон толгойлогч болоод байсан юм. Олон улсын шүүхээр заргалдах үеэр манайх өмгөөлөгчийн хөлс гэж өчнөөн мөнгө төлсөн. Зургаан тэрбум гаруй болсон гэдэг. Нэгэнт С.В.Паушок Монголын талд буруутай нь тогтоогдсон тул түүний өмч хөрөнгийг битүүмжилж өр төлбөрийг барагдуулах нь зүйн хэрэг. Ийм бэлтгэл ажил ч эхэлчихээд байв. Мөн Монгол банк С.В.Паушок хоёрын дунд маргаантай асуудал хэвээр үлдсэн гэх мэдээлэл байсан. Гэтэл хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ шийдвэрийг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав гаргасан байна. Хамгийн гайхалтай нь түүнийг олон улсын шүүх дээр ялснаас ердөө 18 хоногийн дараа энэ шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Паушокийн татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, “Анод”, “Зоос” банктай холбоотой хэргийг Мөрдөн байцаах газраас шалгаж байсан нь ийнхүү юу ч биш боллоо. Д.Дорлигжав Оросуудад найр тавьж, энэхүү олигархи, томоохон гэмт хэргийн сэжигтэнг яагаад зүгээр тавиад явуулчихав. Паушокын ард байдаг Оросын нефть, алт, байгалийн хийн мафиудын нөлөөнд автагдав уу. Магадгүй юм. Д.Дорлигжав урьд нь Паушокын хэргийг хоёр удаа Оросын талд тавьж, тэнд нь шалгуулахыг хүсч байсан биш билүү. Гэтэл яагаад бүх юм эсрэгээрээ эргэв. Оросын мафиуд Ерөнхийлөгч Медведев, Ерөнхий сайд Путин хоёрт  ямар нэг хэмжээгээр нөлөөллөө тогтоосон гэдгийг давхар нотлоод байгаа юм болов уу даа. Хэрвээ тийм бол П.Дорлигжав тэдний өмнө ийнхүү хэн ч биш болж, хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэсэн  болж таарах нь ээ.


Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал          

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top