Гадаадад суралцаж буй оюутнуудын Европын салбар уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

“Монголын залуу манлайлагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 11 дэх удаагийн чуулга уулзалт, хэлэлцүүлгийн Европын салбар уулзалтыг Прага хотноо Монголын ЭСЯ-наас зохион байгуулсан байна.        

Анх 2009 онд Вашингтон хотноо үүсэн байгуулагдсан “Монголын залуу манлайлагчид хөтөлбөр” нь Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд чуулга уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаагаа гурван тивд зохион байгууллагджээ. “Улаанбаатар 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулга уулзалтад Монгол, Их Британи, Итали, Австри, Чех, Люксембурк зэрэг улс орнуудад нарийн мэргэжлээр суралцаж, ажиллаж буй 10 оюутан, залуучууд оролцсон бөгөөд “Хотын хог хаягдлын менежмент”, “Хотын замын хөдөлгөөн”, “Хотын орон сууц” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж санал бодлоо солилцсон байна.

Түүнчлэн Прага хотын холбогдох байгууллагуудын судлаач, шинжээчидтэй уулзалт хийж хог хаягдал дахин боловсруулах болон чех пивоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ Чех Улсад оршин суугаа монгол оюутан, залуустай нээлттэй уулзалт зохион байгуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top